15 ДУГААР СУРГУУЛИЙН АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧИЛНЭ

2022-05-30 14 0

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар сургуулийн ариун цэврийн байгууламжийг шинэчлэх төсөл хэрэгжихээр болсон байна. Төслийн хүрээнд Гүүд Нэйборс ОУТББ-аас 49950 долларын дэмжлэг үзүүлж байгаа бол тус сургуулийн зүгээс эцэг эх, ААНБ-ын хандиваар 30 сая төгрөгийн санхүүжилтийг босгож байгаа аж. Одоогоор 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ААНБ, эцэг эхчүүдээс 10 гаруй сая төгрөгийг хандивлаад байгаа юм байна.

15 дугаар сургууль 1985 онд ашиглалтад орсон. Төслийн үр дүнд 30 гаруй жилийн хугацаанд хүний гар хүрээгүй байсан ариун цэврийн байгууламж иж бүрэн шинэчлэгдэх аж.

Ингэснээр сургуулийн 2 мянга гаруй сурагч, 120 орчим багш ажилчид эрүүл ахуйн шаардлага хангасан, орчин үеийн стандартад нийцсэн ариун цэврийн өрөөг ашиглах боломжтой болох юм.

Дархан-Уул аймаг жил бүрийг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарласан. Энэ хүрээнд хүүхэд багачуудын сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулахад сургуулийн захиргаа анхааран ажиллаж байна.

Гүүд Нэйборс ОУТББ-аас тус сургуульд “Багшийн хөгжил хөтөлбөр”, “Хүүхдийн эрхийн клуб” зэрэг 4 төслийг өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн ба өнөөдөр ийнхүү 5 дахь төслийнхөө нээлтийг хийж байна.

Төслийн зураг төсвийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Элдэвсайхан хувиасаа хөрөнгө мөнгө гарган хийж, төсөл хэрэгжих боломжийг нээн өгсөнд сургуулийн хамт олон, сурагчид талархалтай байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Холбоотой мэдээ