МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫГ ТОГТМОЛ ХИЙЖ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

2022-05-30 251 0

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Эмээлт дэх “Эм Ди Си Пи” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт хийсэн хяналт шалгалтын талаар Шадар сайдад танилцууллаа.

Шалгалтын явцад тус үйлдвэрээс хүний эрүүл мэндэд шууд болон шууд бусаар хор хохирол учруулж болзошгүй хэд хэдэн зөрчил илэрчээ. Тодруулбал, боловсруулсан маханд илрэх нянгийн дээд хэмжээ 10 мянга байх ёстой бол “Эм Ди Си Пи” ХХК-ийн боловсруулсан махан дахь нянгийн хэмжээ 3000 дахин их байжээ. Иймд тус компанийн 2018 онд авсан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, агуулахад хадгалж байсан 175 тн махыг битүүмжлээд байгаа талаар МХЕГ-ын дарга Б.Баасандорж хэлсэн юм. Тэрбээр “Тус компанийн боловсруулдаг мах, махан бүтээгдэхүүн дотоодод худалдаалагддаг гэсэн баримт нотолгоо байхгүй. Зөвхөн экспортод гаргадаг нь Хяналт шалгалтын явцад тодорхой болсон” гэлээ. Эмээлт орчимд үйл ажиллагаа явуулдаг мах махан бүтээгдэхүүний бүх аж ахуйн нэгжид хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж байгаа аж.

Шадар сайд энэ үеэр Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг 32, экспортын тусгай зөвшөөрөлтэй 60 гаруй аж ахуйн нэгж, цаашлаад хүнсний ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шат дараатайгаар хяналт шалгалт хийж, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын улсын стандарт, норм дүрмийг сахиулж ажиллахыг МХЕГ-ын дарга Б.Баасандоржид үүрэг болголоо. Хүний эрүүл мэнд, амь нас, байгаль орчинд шууд хор хөнөөл учруулахуйц эрсдэлтэй салбарууд болох хүнс, эрүүл мэнд, барилга, зам дэд бүтцийн хяналтыг ямар ч тохиолдолд сулруулж болохгүйг Шадар сайд дахин сануулж, Монгол Улсын экспортын мах махан бүтээгдэхүүн ийм түвшинд байгаа нь нэг талаас монголчууд бидний нэр хүнд, нөгөө талаас хүний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалтай шууд холбоотой, ноцтой асуудал гэдгийг онцгой анхаарч ажиллах ёстой гэлээ.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ