МУ-ЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ З. ЛХАГВАСҮРЭНГЭЭР АХЛУУЛСАН СУДСАН ДОТУУРХ МЭС ЗАСЛЫН ҮНДЭСНИЙ БАГ ОРОН НУТГИЙН БОЭТ-Д АМЖИЛТТАЙ АЖИЛЛААД ИРЛЭЭ

2022-05-23 57 0

Өвөрхангай аймгийн БОЭТ-д ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар суурилагдсан Ангиографийн оношилгоо эмчилгээний иж бүрэн аппаратын тогтвортой үйл ажиллагаа болон ашиглалтыг сайжруулах, тус төвийн холбогдох мэргэжлийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд газар дээр нь арга зүйн зөвлөгөө өгч дадлагажүүлах, хамтарсан үзлэг оношилгоо, эмчилгээ хийх зорилгоор УГТЭ-ийн Ангиографийн оношилгоо эмчигээний төвийн зөвлөх, МУ-ын Хүний гавьяат эмч З.Лхагвасүрэнгээр ахлуулсан Улсын Нэг, Хоёр, Гуравдугаар төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн хамтарсан судсан дотуурх мэс заслын Үндэсний баг 2022 оны 05 дугаар сарын 19-21-ны өдрүүдэд анхны зорилтот үйл ажиллагаагаа амжилттай биелүүлээд ирлээ.

Үндэсний баг бүрэлдэхүүн 2 хоногийн томиололтын хугацаанд зүрхний титэм судсан дотуурх оношилгоог 14 хүнд, зүрхний баруун ховдлын цочмог шигдээсийн яаралтай нэг тохиолдол болон төлөвлөгөөт журмын нийт 5 хүнд титэм судсан дотуурх эмчилгээг, тархины судсан дотуурхи оношлогоог 11 хүнд хийснээс тархины судасны цүлхэн, тархины судасны төрөлхийн гажиг болон зүүн нугалмын артери болон эгмэн доорхи артерийн нэгдүгээр сегмэнтийн бөглөрөлтэй тус бүр нэг нэг тохиолдлуудыг оношлон илрүүлж, цаашдын эмчилгээг шатлал ахиулан хийхээр шийдвэрлэв. Мөн доод мөчний хөлийн судасны флебография 3 эмчлүүлэгчид, элэгний хавдрын тэжээгч судсыг бөглөх эмчилгээг 1 эмчлүүлэгчид, тархины судасны оношилгоо шаардлагатай 10 үйлчлүүлэгчид тархины судасны доплерграфийн шинжилгээг тус тус хийсэн байна.

Тархины харвалт, зүрхний шигдээс болон элэгний хавдартай нийт 30 гаруй эмчлүүлэгчид хамтарсан үзлэг хийж, эмчилгээний тактикийн талаар зөвлөгөө өгсний зэрэгцээ тус БОЭТ-д шинээр зохион байгуулахаар төлөвлөж буй харвалт, шигдээсийн нэгжийн зохион байгуулалт, тусламж үйлчилгээний менежмэнт, тархины харвалтын үеийн бүлэн хайлуулах эмчилгээний менежмэнтийн талаар сургалт мэдээлэл зохион байгуулж, нийт 92 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг ажлын байран дээр чадавхижуулах үйл ажиллагааг хэрэгжүүллээ. Судсан дотуурх мэс заслын Үндэсний баг бүрэлдэхүүн дараагийн удаад Хэнтий, Өмнөговь аймгуудад мөн төсвийн хөрөнгөөр суурилагдсан Ангиографийн оношилгоо эмчилгээний аппаратын тогтвортой ажиллагааг хангах чиглэлээр орон нутгийн багтай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа талаар ЭМЯ -наас мэдээллээ.

Холбоотой мэдээ