“ТЭРГҮҮН ХУРД” ҮНДЭСНИЙ МОРИН УРАЛДААН ХҮЙ ДОЛООН ХУДАГТ ЭНЭ САРЫН 18-НД БОЛНО

2022-05-17 219 0

Монголын Үндэсний Морин Уралдаан Уяачдын Холбооноос зохион байгуулж буй “Тэргүүн хурд” үндэсний морин уралдаан Билгийн тооллын 17 дугаар жарны гал бар жилийн зуны Тэргүүн Хөхөгчин могой сарын хонь өдөр буюу энэ оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагт Хүй долоон худагт эхэлнэ.

“Монголын үндэсний морин уралдааны дүрэм”-ийн дагуу монгол адуу уралдах бөгөөд:

Их нас 17км-т 07:00-09:30 минут, Соёолон 14км-т 10:00-11:00 цагт, Хязаалан 1км-т 14:00-16:00 цагт тус тус уралдана.

Бүртгэл өнөөдөр буюу 05 дугаар сарын 17-ны өдөр хаагдах юм.

Наадамд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Увс, Ховд, Орхон, Архангай, Өвөрхангай, Төв зэрэг аймгууд Улаанбаатар хотын уяачид, хурдан буянуудынхаа шандсыг сорин оролцохоо мэдүүлээд байна.  

Ялгах журмын хувьд “Монголын үндэсний морин уралдааны дүрэм”-ийн дагуу уяач адуугаа монгол үүлдрийн адуу мөн болохыг үнэн зөв мэдүүлж, тус наадмын зохион байгуулах комисс нягталж, ялган тэмдэглэх чип суулган, www.mongoladuu.mn вэб сайтад цахим бүртгэл үүсгэх юм байна.

Бай, шагнал:

-Түрүү-2.000.000 төгрөг, байдас,

-Аман хүзүү- 2.000.000 төгрөг,

-Айргийн 3, 4, 5-д хурдалсан моринд 1.000.000 төгрөг,

-Түрүү айргийн морьдод “Тэргүүн хурд” медаль, өргөмжлөл, морины нэмнээ, “Монгол морь” сэтгүүл, айрагны хул, 5л айраг, бусад хандивлагчдын бай шагналаар шагнах бөгөөд 6-10 хүртэл 100.000 төгрөгөөр мялаах юм байна.

Наадмын хамтран зохион байгуулагчаар Монгол наадам цогцолбор, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Сонгино хайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс, Монголын Үндэсний Морин Уралдаан Уяачдын Холбооны аймаг дахь салбар холбоод ажиллаж байна.

Мөн Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, MNB, Малчин телевиз, NTV телевиз, “Аргамаг өв соёл” ТББ, Хурдан морины нэрт зурагчин Ч.Ганболд, судлаач, зураач, зохиогч, П.Дашдэмбэрэл, Хурдан морь тайлбарлагч М.Оюунбаатар, тайлбарлагч, сэтгүүлч А.Цэрэндорж, тайлбарлагч Б.Гонгор нар хэвлэл мэдээллийн ажлын хэсэгт ажиллаж байна.

/эх сурвалж: Монголын Үндэсний Морин Уралдаан Уяачдын Холбоо/

Холбоотой мэдээ