УЯАЧ ХҮЛЭГ ХОЁР: Цэрэндондогийн Сандагдорж Оонон хартайгаа

2022-04-30 442 0

Домогт хүлэг
Цэрэндондогийн Сандагдоржийн ООНОН ХАР

Нэгэн мянга есөн зуун ерэн долоон оны наадмын азарганы уралдааныг уяа моринд ойр бай­даг хүмүүс сайн санаж байгаа. Тэр жилийн наадамд Монгол Улсын тод манлай уяач Данзаннямын Даваахүү зул хонгор азаргаа тү­рүү­лүүлэх бодолтой сойжээ. Тод манлайн уяан дээр хонгор азарга­наас гадна ерэн дөрвөн оны наад­мын “түмэн эх” цолмон халтар, өмнөх жилийнх нь наадамд түрүүл­сэн Г.Батхүүгийн толин хул, Өндөр гэгээн Занабазарын 360 жилийн ойн Есөн зүйлийн даншиг наа­дамд түрүүлсэн М.Зоригийн хүрэн, Төв аймгийн Баян-Өнжүүлийн Ц.Эрдэнийн хонгор зэрэг дөрвөн лут азарга сойгдсон байдаг.

Тэдгээр дөрвөн азаргыг ганцхан азаргатай уралдуулах гэж сойжээ. Зууны манлай уяачийн хараанд өртсөн тэрхүү ажнай бол Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул, алдарт уяач Ц.Сан­даг­доржийн оонон хар азарга юм. Оонон харыг ерээд оны дундуур зүүн зүгээс тодорсон гойд хурдан хүлэг хэмээн зартай уяачид хий­гээд морь судлаач олон нэгэн дуугаар үнэлдэг билээ. Ерөнхий­дөө Х.Сү­рэн­хорын алдарт хээр азарганаас хойш Хэнтий нутгаас төрсөн тэнгэрийн хүлэг юм даг уу даа.

Тэрээр төрийн их баяр наа­дамд ганцхан удаа ирж уралдахдаа бас л шуугиан тарьсан түүхтэй. Ямар сайндаа Даваахүү уяачийн “Өн­дөр зул”-ыгаа түрүүлгэх “хар хайрцаг”-ны бодлогод нь өөрчлөлт оруулж, тун ихээр сандаргасан бай­хав дээ. “Өнөө жилийн наадамд Сандаг­доржийн оонон хар ирэх юм гэнэ ээ” гэж баттай сураг сонс­сон тод манлай дөрвөн азаргаа дөр­вөн өөр төлөвлөгөөгөөр, чанд нарийн судалгаатай бэлдсэн гэдэг шүү.

Ерэн долоон оны наадмын хуучаа дахиад сөхье. Их сунгаанд хар азарга торох юмгүй л түрүүл­жээ. Даваахүү уяач тэрхүү сунгаанд өөрөө ирсэнгүй. Өнөө хэдэн лут амьтдаа ч уралдуулсангүй. Илч довтолгож, оонон харыг шин­жүүлэн, нууц төлөвлөгөөгөө дахин сайтар нягталсан байгаа юм. Ингээд наадам эхэлдгээр эхэлж, Элбэг хээр, Идэр хээр тэргүүт домогт хүлгүүдийн угсаа хурдан азарганууд гараанд гарчээ. Ц.Сан­дагдорж уяач аавынхаа захис­наар, морины комиссынхноос гуйж байгаад машинд нь суугаад авсан байна. Хар азарганыхаа давхилыг анзаарах гэж тэр.

Үе үеийн хурдан буянуудын хөлс шингэсэн алтан зурхай дээрээс азарга эргэж, удаа ч үгүй шар цамцтай хүүхэд унасан хар азарга хошуу өлгөн түүчээлсэн нь алдарт оонон хар байсан ажгуу. Эзэн нь барааны газраас таньж, хамт яваа хүмүүстээ дуулган, хөөрч догдолсондоо машины цон­хоор үсрэх дөхсөн нь мэдээж. Хар азарга өнгөлсөөр Алдар толгой тойрон, Айдасын хүр өөд өгсөхөд, морины комиссынхон Сандагдорж уяачид хандан “Хүүхдэдээ хэл хүргэ, азарганыхаа амыг татуул, жолоог нь арай л эрт сул тавиад байна” гэхэд, миний хар сууна ч гэж ярихгүй гэж далбайсан том нудар­гатай тэрлэгээ улам хөөргөн ом­горхсон гэдэг.

Айдасын даваа уруудахад өнгөлж явсан хар азарган дээр Даваахүүгийн түмний эх цолмон халтар зуузай холбон ирж, нэг хэсэгтээ л “урж” өгчээ. Тэгсгээд цолмон халтар суусан байна. Хамаг байдгаа гарган, хар азарга­ны хурдыг жаахан сааруулж үүргээ гүйцэтгэсэн нь тэр. Удалгүй Батхүү­гийн толин хул оонон хар дээр салхи адил хүүгэн ирж бас л багагүй хугацаанд хурд хуваан уралджээ. Толин хул бол бариа ойртох тусам газрыг эвхэж өгдөг, аварга амьтан л даа. Хар азарга ч тэнийтэл сайхан харайж байна гэнэ. Буянт-Ухаагийн буурал дэнжээд өгсөх мөчид толин хулын хүүхэд жолоо­гоо татаж, янз нь хойноос ирэх дараагийн азаргаа хүлээв гэнэ шүү. Тэр нь Өндөр гэгээний дан­шигт түрүүлж шуугиан дэгдээсэн Бямбашижээгийн хүрэн азарга. Төв аймгийн Эрдэнэсантын адуу шиг санагдана. Уг азаргыг Их хурлын гишүүн асан М.Зоригт мөнгө хатуу байхад таван саяар худал­дан авч, хурдан адууны үнийг тогтоож байсан удаатай. Хар азар­гыг араас илдэж барьсан хүрэн азарга зуузай холбон нэлээдгүй зовоосон байгаа юм.

Тэр даруйд “Дүүгийн оонон хар ч түрүүлэх нь баталгаатай боллоо” хэмээн баяр хүргэж байсан олон эргэлзэж эхэлжээ. “Энэ нэг л биш болоод явчихлаа. Даваахүү ман­лайн уяаны азарганууд ээлж дараа­лан ирж зуузай холбоод байгаа нь цаанаа учиртай” гээд сая л нэг хар авсан аж. Сандаг­дорж бол дотроо “Миний оонон харын өмнө өнөөдөртөө гишгэх адуу байхгүй ээ” гэсэн юм л бодож, магнай нь тэнийгээд байсан нь гарцаагүй. Зоригийн хүрэн хар азарга уралцаж байх зуур хойноос хоёр хонгор азарга зуузай холбон ширүүхэн дайрч, зул хонгор нь өнгөлснөөр тэр жилийн наадмын азарганы түрүү тодорсон гэдэг ээ. Д.Даваахүү гуай ингэж л тэр жилийн наадамд Сүрэнхорын хээр шигээ холоо түрүүлэх Хан Хэнтийн босоо хар азаргыг аман хүзүү­дүүлж, зул хонгороо түрүүлгэн, толин хулыг гуравт, Баян-Өнжүү­лийн Эрдэнийн хонгорыг дөрөвт, Зоригийн хүрэнг тавд давхиулсан байдаг аа.

Оонон харын төрийн наадамд уралдсан түүх ийм буюу. Хар азар­гыг том жижиг бүх уралдаанд нэг л уяагаар гардан сойсон уяач нь Сандагдоржийн эцэг Цэрэндондог гуай. Тэрээр Дэлгэрхааны унаган нэгэн бөгөөд арван хэдхэн наснаа­саа л морь уяж эхэлсэн юм гэнэ лээ. Оонон хар сумын наадамд бага дөрвөн насандаа айраг түрүү хүртэж байгаад хавчиг азарга аймгийнхаа далан жилийн ойд тасархай түрүүлсэн байдаг. Хар азарганы эх тал нь Дэлгэрхааны Жүнгийн адууных. Бүр дээд угшил нь Галшарын оонон харын удамд хамаардаг гэдэг. Харин эцэг тал нь төрийн наадамд гурав түрүүлж, дөрөв айрагдсан Даваанэрэн на­чингийн алдарт халзан азарганы угшилтай аж.

Ийм л нэг хурдан буян ерээд оны сүүл үеэр моринд хайртай монгол түмний сэтгэлд хадаатай явсан даа. Хардэл жанжин бэйс өвгөн ноён Пүрэвжавын нэрэмжит зүүн бүсийн уралдаан Хан Хэнтий нутагт анх зохиогдоход оонон хар түрүүлж, олны баяр бахдалыг хүлээж байсан. Тэр бол ерэн долоон он юм. Төрийн наадамд ирж уралдан аман хүзүүдсэнийхээ дараахан зүүн бүсийн наадам түрүүлсэн удаатай. Үндсэндээ давхар уяагаар сойгдож, нутгийн­хаа тэнгэр дор манлайлан өвгөн уяачийнхаа нулимсыг олны өмнө унагасан байдаг аа. Түмэн олон шагшиж, түрүү азаргыг бүчээд авах ахуйд Хөхийн Сүрэнхор гуай олны дундуур зүсэн орж ирээд оонон харын хөлснөөс магнайдаа хүргэн, босоо хээрээс минь хойш өвгөн ноёны нутагт босоо төрсөн хүлэг энэ мөн байна гэж сэтгэл догдлон өгүүлсэн түүх бий.

1998 онд эртний нийслэл Хар­хоринд Монголын шигшмэл хур­дан хүлгүүдийн “Их хурд” наадам анх удаагаа зохиогдсон билээ. Газар газрын шигшмэл хурдан хүлгүүд нэгэн дор цуглаж, хурд, хүчээ сорьсон тэрхүү уралдаанд Сандагдоржийн хар азарга Хан Хэнтий нутгаасаа ирсэн байв.

Орхон голын хөвөөнд Мон­голын зартай уяачид асар майхнаа зоон, уяа цэрэв татаж, түмэн эхүүдээ сойсон нь мэдээж. Тэдгээр ажнай хүлгүүдийн дунд хар азарга аргагүй нэг ялгарч байж. Зурсан, зорсон юм шиг уяан дээрээ живх­рэн байсан ажгуу. Ер нь хар азар­гыг биеийн ерөнхий хийц сайтай, толгой уран, дахиад ховор л төрөх ганган сайхан ажнай байсныг нүдээр үзсэн хүмүүс бахархан өгүүлдэг юм аа. Давхил нь бол ч намар оройн тэнгэрт салхины аясаар нүүж яваа үүл шиг л газрыг ууж өгдөг байсан гэдэг шүү.

Анхны “Их хурд”-д Хэнтийн аймгийн Дархан сумын уугуул, алдарт уяач У.Буяндэлгэрийн жинст хонгор азарга түрүүлсэн. Уг азарга өвгөн ноёны наадамд аман хүзүүдсэн юм. Оонон харын ард давхисан гэсэн үг. “Их хурд”-ын азарганы аман хүзүүнд Сүхбаа­тарын Уул баянгийн Шагдарын хул, гуравт Төв аймгийн Лүнгийн О.Жамьяндоржийн буурал духт хүрэн, дөрөвт манлай уяач Г.Бат­хүүгийн толин хул, тавд Ц.Сандаг­доржийн хар азаргууд давхиж, аргагүй л хурдан буянууд гэдгээ нотлон харуулсан билээ. Их насанд Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул, Ш.Лхүндэвийн хон­гор магнайлан, аман хүзүүнд ман­лай уяач Г.Батчулууны төрийн наадмын түмэн эх болж байсан зээрд халзан, гуравт мөн манлай уяач Партизаны гэгдэх Цоогийн Доржсүрэнгийн аварга хээр давхин олон түмнийг баярлуулж байсан нь саяхан даа.

Ямар ч наадамд явна, хүүгийн­хээ дэргэд байж өмөг түшиг болдог Цэрэндондог уяач оонон харын­хаа алтан тэлүүр магнайг илбэнгээ “Монголын шигшмэл хурдан хүл­гүүд тоосоо өргөхөд айрагдлаа. Өвгөн ноёны хишиг хүртсэн өндөр заяат адуу гэдгээ моринд хайртай монгол түмэндээ харууллаа. Ча­маас үүнийг л хүсч байсан. Одоо л миний сэтгэл амарч, энэ олон жил хүлэг морьдын тоосонд явсныхаа хэргийг бүтээлээ” гэж дуу алдсан байдаг шүү. Уяач эзэндээ бурхнаас заяагдсан хэмээн гарцаагүй ойлгог­дохоор хүлэг гэдэг тийм л үнэ цэнтэй хийгээд нэгэн насных нь баяр баясгалан, хайр харуусал, утга төгөлдөр амьдрал нь болдог буюу.
Н.ГАНТУЛГА

Холбоотой мэдээ