Хурандаа Г.Нэргүй: Шар өвс шатааж гал алдвал учирсан хохирлыг нь нөхөн төлүүлнэ

2022-04-18 195 0

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйгээс шар өвс шатааснаас үүдэлтэй гал түймэр гаргасан иргэн, аж ахуй нэгжид ямар хариуцлага тооцдог тухай тодрууллаа.

Он гарсаар нийслэлийн хэмжээнд шар өвс шатааснаас үүсэлтэй гал түймэр хэд бүртгэгдсэн бэ?

-Он гарсаар нийслэлийн хэмжээнд тохиолдлын гал түймрийн 701 удаагийн дуудлага бүртгэгдсэн. Дуудлагын дагуу гал түймэр унтраах аврах ангийн албан хаагчид ажилласан. Гал түймрийн улмаас 663 иргэний амь насыг аварч, гурван тэрбум орчим төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Хавар намрын хуурайшилтай үед иргэдийн буруутай үйлдлээс шар өвс  шатаасны улмаас түймэр дэгдсэн дуудлага эрчимтэй нэмэгдэж байна. Нийслэл орчмын хуурайшилт маш их байгаа. Түймрийн нэн аюултай улирал эхэлсэн.

Нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байгаа юу?

-Гал түймэр аврах анги, мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн удирдах газар, дүүргийн цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтэс, Богдхан уулын дархан цаазат газар, нийслэлийн онцгой байдлын газар гэсэн зургаан байгууллагын хамтарсан ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүл гуравдугаар сарын 22-ноос эхлэн ажиллаж байгаа. Тус бүрэлдэхүүн өдөр бүр 10.00-20.00 цагийн хооронд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Ингэхдээ өдөр бүр 25 албан хаагч ажиллаж байгаа. Үүний үр дүнд шар өвс шатаасан зөрчлийг илрүүлж, гарсан зөрчлийг арилгуулж ажиллаж байна. Одоогийн байдлаар 80.9 орчим га талбай шар өвсний улмаас шатсан байна.

Шар өвс шатааж гал түймэр гаргасан иргэдэд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Шар өвс шатааж, санамсар болгоомжгүйн улмаас галын аюулгүй байдлын тухай хуулиар зөрчилд тооцож иргэн аж ахуй нэгжийг  100.000 -1.000.000 хүртэлх төгрөгөөр торгож байгаа. Мөн Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч ажилладаг.

Хэрэв шар өвс шатааснаас үүдэлтэй гал түймэр иргэдийн суурьшлын бүс болон ногоон бүс рүү орсон тохиолдолд их хэмжээний хохирол учирсан тохиолдолд эрүү үүсгэн шалгадаг. Мөн шар өвс шатаасны улмаас нийтийн эзэмшлийн талбайг гал түймэрт өртөөвөл нөхөн төлбөр төлөх заалттай.

Та бүхэн санаж байгаа бол 2019 онд иргэн гагнуурын ишнээс гал алдаж, 15 айлын орон сууц шатсан. Улмаар нийт нэг тэрбум төгрөгийн хохирол тогтоогдсон. Энэ нь цагдаагийн байгууллагаар тогтоогдож, иргэн 15 айлын хохирлыг барагдуулах, эрүүгийн хариуцлага хүлээх зүйл ял шийтгэл хүлээх заалт бий.

Шар өвс шатаасны улмаас гал алдаж иргэдийн өмч хөрөнгө, нийтийн эзэмшлийн талбай, ногоон бүс шатаасан үед Байгаль орчны тухай хуулийн дагуу нөхөн төлбөр тооцдог.

Тиймээс хуурайшилтын үед шар өвсийг ил задгай шатаахгүй байх, шар өвсийг зохион байгуулалттайгаар гар болон цахилгаан хадуураар хадаж, зориулалтын таглаа бүхий саванд хийж байхыг анхааруулж байна.

М.Насан

Эх сурвалж: www.shuud.mn 

Холбоотой мэдээ