ХӨВСГӨЛ НУУРАНД ЖИВСЭН МАШИН, ТЕХНИКИЙГ ТАТАН ГАРГАХ СУДАЛГААНЫ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙГ САНУУЛЛАА

2022-04-14 145 0

Монгол орны гадаргын усны нөөцийн 53 хувийг, үүнээс Хөвсгөл нуур дангаараа 96,6 хувийг бүрдүүлдэг. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөвсгөл нуурын экосистемийн бохирдлын эрсдэлийн судалгаа хийж, нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажлыг олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулахаар тусгасан.

Цэнгэг усны 70 хувийн нөөцийг агуулдаг Хөвсгөл нуурын ёроолд живсэн тээврийн хэрэгслийн байршлыг нарийвчлан тогтоох, нөхцөл байдлыг үнэлэх зэрэг асуудлаар ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. /2022.04.14/

Хөвсгөл нуурыг хамгаалах, бохирдлыг бууруулах зорилготой уг ажлын эрсдэлгүй зохион байгуулах талаар нарийвчилсан стратеги төлөвлөгөө гаргах шаардлагатайг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хуралдааны үеэр санууллаа.

Харин тус ажлыг гүйцэтгэх санхүүжилтийг зөвхөн төсвөөс харах бус олон улсын байгууллагатай хамтран шийдэх гарц, боломжийг эрэлхийлэх асуудлыг усны газрын дарга Ш.Мягмарт үүрэг болгов.

Түүнээс гадна Хөвсгөл нууранд живсэн техник хэрэгслийг татан гаргах ажиллагаанд ОХУ-аас туршлага солилцох, татан авалтын нарийн төлөвлөгөөг гаргаж,шинжлэх ухаанд тулгуурлан эрсдлийг тооцон судалгааг эхлүүлж, байршлыг тогтоон, баталгаажуулах ажлыг нэн яаралтай эхлүүлэхээр ажлын хэсгийн энэ удаагийн хуралдаанаар тогтлоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсгийн хуралд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Л.Болдбаатар нарын төлөөлөл оролцов. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх М.Бадамлянхуа, БОАЖЯ-ны Усны бодлого зохицуулалтын газрын дарга Г.Хоролмаа болон орон нутгийн онцгой байдлын хэлтсийн албан хаагчдын төлөөлөл зэрэг албаны хүмүүс онлайнаар ажлын хэсгийн хуралд холбогдож, оролцлоо.

/эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам/

Холбоотой мэдээ