МҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ 57 ДУГААР СУРГУУЛЬД АЖИЛЛАЛАА

2022-03-25 17 0

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл нар Ерөнхий Боловсролын 57 дугаар сургуульд ажиллаж, багш ажилтнуудтай уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат МҮЭ-ийн холбооны хөгжлийн хөтөлбөр, МҮЭ-ийн холбооны зүгээс төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн хамгааллын чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажил, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа. Тухайлбал ТҮ1-3 дугаар шатлалаар цалинждаг ажилтнуудын өмнө тулгамдаад байгаа асуудлаар УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлж, тайван жагсаал зохион байгуулсан. Мөн Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгад иргэд, хөдөлмөрчдийн эрх ашгийг тусгах, тэтгэврийг өвлүүлдэг болгох саналуудыг тусгахаар МҮЭ-ийн холбооноос ажиллаж байгаа зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв.

Мөн энэ үеэр МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл, МБШУ-ны ҮЭ-ийн холбоо, Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран байгуулсан хэлэлцээрт туссан шинэлэг заалтуудыг танилцууллаа. Тэрээр хэлэхдээ “Боловсролын салбарын гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний тогтолцооны хүрээнд багш ажилтнуудын цалингийн доод хэмжээг гуравдугаар сарын 1-нээс эхлэн Засгийн Газрын 107 дугаар тогтоолоор тухайн сүлжээний тавдугаар шатлалаар бүх ажилиан ижил цалин хөлстэй болсон. Энэхүү цалин хөлсний нэмэгдсэн сүлжээнээс улирлын үр дүнгийн урамшууллыг бүрэн олгохоор болсон.

Мөн багш ажилтнуудын эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд Монгол Японы хамтарсан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэргэдэх гуравдугаар шатлалын эмнэлгээр багш боловсролын салбарын ажилтнууд эрүүл мэндийн үзлэгт эрүүл мэндийн даатгалаараа хамарагдахаар болсон. Мөн Боловсролын тухай багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж байгаатай холбогдуулан МБШУ-ны ҮЭ-ийн холбооноос олон санал тусгаж байгаа. Тухайлбал багш ажилтнууд тэтгэвэр, тэтгэмжээ тогтоолгохдоо хамгийн сүүлд авч байгаа цалингийнхаа хэмжээгээр тогтоолгох, боловсролын салбарт ажиллаж байгаа багш ажилтнууд нэг хүүхдийг Их дээд сургуульд суралцах төлбөрийг төрөөс даах зэрэг саналуудыг тус хуулийн төсөлд саналаа хүргүүлэн ажиллаж байна. Иймд та бүхэн өөрсдийнхөө зүгээс энэ хуулийн төсөлд оруулах санал байвал МБШУ-ны ҮЭ-ийн холбоондоо хүргүүлээрэй” хэмээн хэлэв.

Мөн энэ үеэр ЕБ-ын 57 дугаар сургуулийн захирал Г.Цолмон хэлэхдээ “ТҮ1-3 дугаар шатлалаар цалинжиж байгаа ажилтнуудын цалин хөлс маш бага байдаг. Гэтэл Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний нэгжийн тухай хуулийн 20.1.18 заалтаас улбаалж үйлчилгээний ажилтнуудын цалин буурсан. Өнөөдөр ЕБС-ийн өдөр тутмын үйл ажиллагааг явуулахад хүндрэл учирч байна” гэв.

Энэ үеэр багш ажилтнуудын зүгээс ТҮ1-3 дугаар зэрэглэлээр цалинждаг албан хаагчдын цалин урамшуулал ажилласан жилээр нэмэгдүүлэх эсэх, ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс нэмэгдэх цалин хөлс үр дүнд суурилсан дүнгээр авах боломжтой юу, багш нарын цалин хөлсийг үр дүнд суурилсан урамшууллыг улсаас хуваарилсан төсөв хүрэлцдэггүй гэсэн шалтгаанаар олгогдохгүй байвал яах вэ зэрэг асуултыг тодруулж байв.

Хариуд нь МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл хэлэхдээ улирлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг бүрэн олгогдохгүй бол анхан шатны ҮЭ-ийн хороогоороо дамжуулан МБШУ-ны ҮЭ-ийн холбоондоо хүргүүлж холбогдох асуудлыг шийдүүлэх боломжтой гэв. Харин МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат МҮЭ-ийн холбооны зүгээс ТҮ1-3 дугаар шатлалаар цалинждаг ажилтнуудын асуудлыг шийдэгдэх хүртэл арга хэмжээ авч хуулийн хүрээнд ажил хаях хүртэл тэмцлийн арга хэрэглэхээ илэрхийлж байсан юм.

Холбоотой мэдээ