АНУ-ЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР ТАРИАТ, ЭРДЭНЭБУЛГАН СУМДАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАРИГДАНА

2022-03-25 257 0

АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн цэргийн дэмжих бүлгийн ахлагч Пэр Жонсон тэргүүтэй ажлын хэсгийг аймгийн Засаг дарга хүлээн авч уулзлаа.

АНУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Тариат, Эрдэнэбулган суманд хүүхдийн цэцэрлэг баригдахаар болсон.

Уулзалтын эхэнд цэцэрлэг барих төслийн талаар ажлын хэсгийн ахлагч Пэр Жонсон Засаг даргад танилцууллаа.

Тодруулбал энэ онд барилгын зураг, санхүүжилтийг бүрэн шийдвэрлэж Тариат сумын хүүхдийн цэцэрлэгийг 2025 онд Эрдэнэбулган сумын хүүхдийн цэцэрлэгийг 2027 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

Түүнчлэн эрүүл мэндийг дэмжих, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр АНУ, Архангай аймаг хоорондын хамтын ажиллагаа дахь төслүүдийн талаар ч талууд мэдээлэл солилцлоо.

Хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Элчин сайдын яамнаас Архангай аймагт гамшгийн үеийн эрсдэлийг бууруулах харилцаа холбоо, сургалт сурталчилгаа, тоног төхөөрөмжүүдийг багтаасан Шуурхай штабын нэгдсэн төвийг байгуулж өгөх болсноо илэрхийлж байлаа.

Энэ төв ашиглалтад орсноор гамшиг ослын үед орон зай цаг хугацаанаас үл хамаарч Архангай аймгийн ард иргэдэд нэгдсэн мэдээллийг дамжуулах боломж нээгдэнэ гэдгийг Иргэн цэргийн дэмжих бүлгээс онцолж байлаа.

Эх сурвалж: Архангай аймгийн ЗДТГ

Холбоотой мэдээ