ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧДЭД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

2022-03-19 67 0

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын ВИП танхимд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан аж ахуйн нэгжүүдэд батламж гардууллаа. Үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б. Сүхбаатар, Нийслэлийн Орон Сууцны Бодлогын газрын дарга Г. Ганхүү болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Тус арга хэмжээнд НИТХ-ын 2013 оны 7/29 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянга орчмын ГХДТ-2019/06 багцын 15,2 га “Г” хэсэгчилсэн талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “МОНГОЛ УГСАА КОНСТРАКШН” ХХК, НИТХ-ын 2020 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Яармаг орчмын ГХГДТБТ-03/2020 багцын 40,9 га “В” хэсэгчилсэн талбайд хэрэгжүүлэгчээр “ЛАНКАСТЕР” ХХК, НИТХ-ын 2013 оны 7/29 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орон сууцны VII хороолол ГХДТ-2019/09 багцын 14,4 га “Е” хэсэгчилсэн талбайд хэрэгжүүлэгчээр “ГОЛОМТ КОНСТРАКШН” ХХК, НИТХ-ын 2020 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Яармаг орчмын ГХГДТБТ-04/2020 багцын 54,5 га “Г” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр “ГОЛДЕН МАРТИН” ХХК, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, ГХ-БЗД-07 багцын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 9,4 га “З” хэсэгчилсэн талбайд хэрэгжүүлэгчээр “ГАЗРЫН ЭЗЭН БАЯНЗҮРХ” ЗБН зэрэг аж ахуйн нэгжүүд шалгарч батламжаа гардан авлаа. Нийслэлийн Засаг даргын барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б. Сүхбаатар: Гадаад, дотоод нөхцөл байдал, цар тахлын хүндрэлтэй энэ үед хил гаальд саатал үүсэх, бараа материалын үнэ өсөх гэх мэт олон сорилттой тулгаар байна.

Нийслэл хотын зүгээс бараа материалын үнийн өсөлт, татан авалтын үйл ажиллагаанд онцгой анхаарлаа хандуулан Барилга, Хот Байгуулалтын Яам болон зохих төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Мөн 100 тэрбум төгрөгийн бонд гаргаж 70 гаруй хувийг бүтээн байгуулалтын салбар, гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд бүтцийн ажилд дэмжлэг үзүүлсэн.

Цаашид бид хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүддээ бодлогоор дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.Дашримд дурдахад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг иргэний өмчлөлийн 20,536 нэгж талбар бүхий 1,694 га талбайг хамарсан 27 байршил, 84 хэсэгчилсэн талбайд хэрэгжүүлэхээр баталсан.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл нь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч болон хувийн хэвшил, нийслэл гурван талаас зөвшилцөн, гэрээ байгуулж, нэг зорилгын дор нэгдэж чадсанаар хэрэгжих нөхцөл бүрддэг томоохон төсөл юм. Энэхүү төсөл хэрэгжсэн нийт хугацаанд 2073 нэгж талбарын газрыг чөлөөлж 10740 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байна.

Эх сурвалж: Нийслэлийн Орон сууцны бодлогын газар

Холбоотой мэдээ