ЗАСГИЙН ГАЗАР, МОНГОЛБАНКНААС ШАТАХУУН ИМПОРТЛОГЧДОД НӨӨЦ БҮРДҮҮЛЭХЭД ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГИЙГ СУДАЛНА

2022-03-18 69 0

Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ) энэ сарын 15-нд ээлжит бусаар хуралджээ. Хурлаар олон улсын төлбөр тооцооны нөхцөл байдал, дотоодын шатахуун импортлогчдод үүссэн тодорхой бус нөхцөл, валютын нөөцийг нэмэх арга замуудын талаар хэлэлцсэн байна.

Макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх хүрээнд доорх чиглэлээр холбогдох асуудлуудыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхийг СТБЗ-ийн гишүүн байгууллагуудад, Засгийн газарт зөвлөжээ. Үүнд: 

Нэг.  Олон улсын төлбөр тооцооны өнөөгийн нөхцөл байдал.

Хоёр. Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд шатахууны нөөц бүрдүүлэхэд Засгийн газар, Монголбанкны зүгээс үзүүлэх боломжит дэмжлэг.

Гурав. Төрийн өмчийн оролцоот уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн гадаад валютын орлогыг Монголбанканд худалдах, үүнээс үүдэх эрсдэлийг санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийг ашиглан хаах арга замууд.

Дөрөв. Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын газар нутагт олборлосон алтыг зөвхөн Монголбанканд тушаадаг байх асуудлын талаар.

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн ээлжит бус хуралдааныг Сангийн сайд Б.Жавхлан даргалж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацын Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон бусад албаныхан оролцжээ.

Холбоотой мэдээ