МАЛЧИД ЮУНЫ ТҮРҮҮНД МАЛЫН ЭМЧИД ХАНДДАГ ДАДЛЫГ БИЙ БОЛГОХ НЬ ЧУХАЛ

2022-03-14 66 0

Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд малын эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, цахим хөдөө аж ахуй болон өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцох зорилгоор ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Ганзориг, Статистик мэдээллийн хэлтсийн дарга Ж.Батсайхан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа тэргүүтэй төлөөлөгчид уулзлаа. 

Малын эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явцын талаар олон улсын зөвлөх Крис Бартелс, Монгол дахь цахим хөдөө аж ахуйн талаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын үндэсний зөвлөх Д.Дүгэрдорж нар танилцуулга хийв.  

Уулзалтын үеэр сайд З.Мэндсайхан “Антибиотикийн зүй зохисгүй хэрэглээ нь нэг анхаарал татсан асуудал болоод байна. Тиймээс малчид юун түрүүнд малын эмчид ханддаг зохистой дадлыг хэвшүүлэх чиглэлээр олон улсын байгууллагатай хамтран ажиллаж сургалт, таниулга хийх төлөвлөгөөтэй байна” гэдгийг хэлж байлаа.  

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь цахим хөдөө аж ахуйн стратеги, цахим хөдөө аж ахуйн хэрэгжилтийг дэмжих төсөл, махны үйлдвэрийн үйл ажиллагааны систем, малыг ялган тэмдэглэх бүртгэх мэдээллийн систем, ургамлын гарал үүслийн систем, цахим сум төслийг хэрэгжүүлсэн. Цаашид хөдөө аж ахуйн салбарын цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлэхэд манлайлал түншлэл чухал. Үүний тулд залуучуудын оролцоог идэвхжүүлэх, зах зээлийн боломжийг нэмэгдүүлэх, ногоон сэргэлтийг хурдасгах, мэдээлэл солилцоог сайжруулах шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна. 

Хөдөө аж ахуйн салбарын цахим шилжилт, малын эрүүл мэнд нь салбарын нэн тэргүүний зорилт. Тиймээс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчидтэй энэ асуудлыг хөндөн ярилцсан нь цаг үеэ олсон чухал уулзалт боллоо.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Холбоотой мэдээ