УЛСЫН АВАРГА МАЛЧИН Б.АЛТАНЗАЯА, Г.АЗХҮҮ НАРТ ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2022-02-09 102 0

Малч ухаан, арга туршлага, тууштай хөдөлмөр зүтгэлийнхээ үр дүнд “Улсын аварга малчин”-аар шалгарсан Баянмөнх сумын Хэрлэн багийн малчин Б.Алтанзаяа, Г.Азхүү нарын шагналыг өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, сум орон нутгийн удирдлагууд гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.Малчин Б.Алтанзаяа нь 1990-2000 онд Баянмөнх сумын Хэрлэн багт малчин, 2001-2009 онд зэвсэгт хүчний 232 дугаар ангид малчин, 2009 оноос хувийн мал аж ахуйгаа эрхэлж мал аж ахуйн үйлдвэрлэлд 31 дэхь жилдээ хөдөлмөрлөж байгаа Баянмөнх сумын манлай малчдын нэг юм.

Тэрбээр жил дараалан мал сүргээ өсгөн үржүүлж, 100 эхээс 100-125 хувиар төл бойжуулснаар 2021 оны эцэст 2331 толгой малтай болж, сүрэгт эзлэх хээлтэгчийн хувийн жинг бод малд 33,3-45,2 хувь, бог малд 57,0-57,2 хувьд хүргэж, үржлийн албаар баталгаажсан 83 толгой хээлтүүлэгчээр хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироог бүрдүүлэн ажилласан байна.

Төллөсөн эх малаа саалинд бүрэн хамруулж 15,2 мянган литр сүү сааж цагаан идээ боловсруулан зах зээлд борлуулан өрхийн орлогоо нэмэгдүүлж ажилласан бөгөөд сүүлийн 3 жилд цөөн болон огт малгүй 6 өрхийг 909 толгой малаар малжуулахын зэрэгцээ мал маллах арга ухааныг залуу малчдад зааж сурган 5 шавь малчинтай болжээ.

Мал аж ахуйн материаллаг баазаа бэхжүүлж, тохилог дулаан өвөлжөө, хаваржаагаар хангагдсан ба жилд дунджаар 30-50 тн байгалийн хадлан хураан авч, өөрийн хүч бололцоонд тулгуурлан гар тэжээл, хужир шүүг хүрэлцэхүйц хэмжээгээр бэлтгэн ажилладаг малчин юм. Б.Алтанзаяагийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж, 2011 онд “Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан цол тэмдэг, 2013 онд Хэнтий аймгийн 90 жилийн ойн медаль, 2016 онд “Аймгийн сайн малчин”, 2018 онд МҮОНРТ-ийн нэрэмжит “Алтан хурганы эзэн”-ээр тус тус шагнагджээ.

Холбоотой мэдээ