АНХ УДАА ДОРНОГОВЬ АЙМАГ 21 АЙМГИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭГЭЭР НЭГДҮГЭЭР БАЙРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ

2022-01-26 116 0

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг 10 дахь жилдээ танилцуулж байна.  Монгол Улсын 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг харьцуулан судалсан Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан нь эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн нийт 175 шалгуур үзүүлэлтээр гардаг нарийн тооцоолуур гэж болно.

Энэхүү 175 шалгуур үзүүлэлтээс статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн 141 шалгуур үзүүлэлтийг ашиглан аймгуудын өрсөлдөх чадварыг эрэмбэлдэг. Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг анх боловсруулж эхэлсэн цагаас хойш жил болгон ерөнхий үнэлгээгээр Орхон аймаг тэргүүлдэг байсан бол энэ жилийн хувьд Дорноговь аймаг 1-рт эрэмбэлэгдсэн нь онцлох үр дүн байлаа. Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймгууд 2, 3, 4, 5-рт эрэмбэлэгджээ.

Харин Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Булган аймгууд хамгийн бага үнэлгээ авсан байна. Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр буюу Эдийн засгийн тамир тэнхээгээр Орхон аймаг, Засаглалын үр ашгаар Сүхбаатар аймаг, Бизнесийн үр ашгаар Дархан-Уул аймаг, Дэд бүтцээр Дорноговь аймаг 1-рт эрэмбэлэгджээ.

Тайланд тухайн жил өрсөлдөх чадвараар 1-рт эрэмбэлэгдсэн аймаг 100 оноотой гэж үзвэл бусад аймаг хэдэн оноотой байгааг харьцуулдаг.  Энэхүү үнэлгээнээс харахад аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо өнгөрсөн жилээс 8 оноогоор өссөн үзүүлэлт гарчээ. Засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц бүлгийн дундаж оноо буурсан бол эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн оноо өссөн байна.

Аймаг тус бүрээр нь харвал 3 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурсан байна. Үүнд Увс, Завхан, Орхон аймаг багтаж байна. Харин үлдсэн 18 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өнгөрсөн онтой харьцуулахад ахисан байна.

Холбоотой мэдээ