Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн концессын тэмцлийг өнөөдөр шүүх дэнсэлнэ

2022-01-14 131 0

Өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдоод удаагүй байхдаа буюу 2019 онд Хөгжлийн банкны ТУЗ-ийн удирдлагуудыг дуудаж уулзаад тэрбээр Хөгжлийн банкны зээлийн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувь зэргийг яаралтай нэгтгэж, танилцуулахыг үүрэг болгож байв.

Энэ дагуу Хөгжлийн банкнаас санхүүжилт аваад эргэн зээлээ төлөөгүй ААН-үүд, эрх мэдэлтнүүд нийтэд ил болсон. Үндсэндээ  аж ахуйн нэгжүүдийн шууд эргэн төлөгдөх зээлийн хэмжээ нь 1.483.7 тэрбум төгрөг бүхий нийтдээ төрийн өмчит болон хувийн хэвшлийн 16 компанийн нэрийг зарласан. Үүн дунд хамгийн том таван найдваргүй зээлдэгчийн нэг нь “Кью Эс Си” компани байв.

“Кью Эс Си” компани нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлаа санхүүжүүлэхээр 2014 онд зээлийн гэрээ байгуулж, 2015 онд 71.3 сая ам.долларын зээлийг жилийн 8 хувийн хүүтэйгээр авсан байдаг.

Тус компани 2014 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн бүх эрхийг эдэлж зөвхөн 2020 оны гаалийн үнэлгээгээр 520 орчим тэрбум төгрөгийн борлуулалтыг хийсэн атлаа зээлээ төлөхгүй өнөөг хүрэв. 

Уг нь гэрээгээр хүлээсэн хугацаагаар бол 2018 оны 12 дугаар сард зээлээ төлж дуусгахаар тусгасан байдаг хэдий ч өнөөдрийг хүртэл “Кью Эс Си” компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учирсаар байгаад Ерөнхий сайд анхаарлаа хандуулна уу.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа 2019 оны наймдугаар сарын 29-ний өдөр Ерөнхий прокурорт гаргасан хүсэлт дээр үндэслэн, төрийг төлөөлж прокурорын байгууллага Хөгжлийн банктай хамтран Хөгжлийн банкнаас авсан зээл, зээлийн хүүгээ төлөөгүй, зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа зээлдэгчдээс хохирол, төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Энэ дагуу Ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлтэй, “Кью Эс Си” ХХК-аас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 200 гаруй тэрбум төгрөг гаргуулахаар нэхэмжлэл бичиж шүүхэд хандсан.

Улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцээд “Кью Эс Си” компаниас 158.5 тэрбум гаруй төгрөг гаргуулж Хөгжлийн банканд олгуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжилсэн 200 тэрбум төгрөгөөс анхан шатны шүүх 41.6 тэрбумыг нь хэрэгсэхгүй болгосныг прокурорууд эс зөвшөөрч гомдол гаргаснаар нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх зарим хэсгийг нь ханган зээлдэгч дээрх компаниас 161.7 тэрбум гаруй төгрөг гаргуулж Хөгжлийн банканд олгох болсон.

Гэвч прокурорын байгууллага эл компаниас 200 тэрбум гаруй төгрөгийг бүхэлд нь гаргуулах ёстой гэж үзэн Улсын дээд шүүхэд хандсан. Уг шүүх хуралдаан

маргааш буюу 2022 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр товлогджээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/01116 дугаар шийдвэртэй, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1177 дугаар магадлалтай, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлтэй, “Кью Эс Си” ХХК-д холбогдох иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдлыг хэлэлцэнэ.

Гэрээгээр хүлээсэн үүргээ ч биелүүлээгүйн атлаа зээлээ ч төлөөгүй “Кью Эс Си” компанийн ард ямар эрх мэдэлтнүүд байсан бэ гэдгийг судалбал,

 2014 оны дөрөвдүгээр сард “Кью Эс Си” ХХК-ийн хооронд Концессын гэрээ байгуулах тухайн үед толгой компани болох “Куалити Стийл” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь Д.Эрдэнэбилэг зээл авах, гэрээ байгуулах зөвшөөрөл өгсөн байдаг.  Зээл авах үеийн “Кью Эс Си” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь МИК-ийн ТУЗ-ийн дарга асан М.Мөнхбаатар 10 хувийг,  ЗТХ-ийн сайд асан Д.Ганбатын хүү Г.Хүрэлбаатар 30 хувийг, ТДБ Секьюритис 30 хувийг, Хөгжлийн банкны ажилтан А.Бат-Оргил 30 хувийг тус тус эзэмшиж байжээ.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням энэ тухай “Концессын гэрээ нэртэй луйврыг тухайн үеийн эрх мэдэлтнүүд хийчихжээ.Ний нуугүй хэлэхэд энэ гэрээг луйврын гэрээ гээд хэлчихэд буруудахгүй байх. Нэг хүн өөрөө өөртэйгөө хийчихсэн мэт уншигддаг гэрээ байдаг. Концессээр авсан тал ямар ч хариуцлага хүлээхгүй шахуу, тэгсэн хэр нь хэрэв Монгол Улсын Засгийн газар гэрээг дүгнэх, цуцлах асуудал тавьбал тус гэрээгээр ирээдүйд олох бүх ашгийг нь концесс эзэмшигчид төлөх заалт оруулчихсан гэх мэт хүн итгэхэд бэрх заалт олон бий” гэдгийг хэлж байв. “Кью Эс Си” ХХК концессын гэрээгээр зургаан үүрэг хүлээсний гол үүрэг нь 2018 оны дөрөвдүгээр сард жилд 300 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай гангийн үйлдвэр байгуулж, дотоодын зах зээлийг хангана гэж “амалсан”.  Гэтэл гэрээний энэ заалт огт хэрэгжээгүй.

Концессын зүйл, гэрээний нөхцөл

  1. Хуст уул, Төмөртолгой, Төмөртэй ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, жилдээ 3 саяас доошгүй тонн төмрийн хүдэр олборлох, жилд 1.5 саяас доошгүй тонн төмрийн хүдрийн хуурай болон нойтон аргын баяжмал үйлдвэрлэх үйлдвэр,
  2. Жилд 500 мянгаас доошгүй тонн хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэр,
  3. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн хүчин чадлыг жилийн 300 мянган тоннд хүргэх өргөтгөл, шинэчлэл хийх гэсэн эдгээр үүргээ огт биелүүлээгүй.

Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та зээлээ төлөх хугацаанаасаа дөрвөн жил хэтэрсэн “Кью Эс Си” ХХК-ийг анхаарлдаа авч төрийн мөнгийг даруй төлүүлж, төрийн мөнгө уйлдаггүй буюу концессын гэрээгээ эргэн харахгүй бол эрх мэдэлтнүүд даварсаар байна.

Эх сурвалж: Zarig.mn

Холбоотой мэдээ