УЛААН БУУДАЙН ИМПОРТ 15.7 ДАХИН ӨСЧЭЭ

2022-01-10 221 0

Монгол Улс 2021 онд 227 мянган тонн улаан буудай импортолжээ. Энэ нь 2020 оныхтой харьцуулахад 1.7 дахин өссөн дүн бол 2019 онд буюу цар тахлын өмнө үеийг бодоход 15.7 ДАХИН өссөн дүн байна.

ГЕГ-ын гаргасан гадаад худалдааны статистикаас харвал энэ нь хүнсний импортод хамгийн өндөр өсөлттэй бүтээгдэхүүнд багтаж байна.

Импортын хэмжээ хамгийн ихээр буурсан хүнс нь улаан буудайн гурил байна. 2019 онд манай улс 2,886 тонн улаан буудайн гурил импортолж байсан бол энэ онд 613 тонн болж, 80% буурчээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 42% мөн буурсан үзүүлэлттэй байна.

Тариалсан улаан буудайгаараа 100% дотоодоо хангах боломж бүрдсэн талаар өнгөрсөн оны есдүгээр сард ХХААХҮЯ мэдээлж байв. Гэвч зохицуулалтгүйн улмаас нийт тариалсан улаан буудайн 30 орчим хувь буюу 130 мянган тонн улаан буудай үтрэм дээрээ үлдсэнийг Монголын үндэсний тариаланчдын холбооноос арванхоёрдугаар сард мэдээлээд 2022 онд улаан буудай тариалахгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Энэ нь дотоодын хоёр жилийн хэрэгцээтэй тэнцэх хэмжээний улаан буудай импортолсон байснаас үүдэж бий болсон нөхцөл хэмээн тайлбарлалаа.

Түүнчлэн салбарын сайд нь тооцоо хийсний үндсэн дээр гурил экспортолно гэж хамгийн сүүлд мэдээлээд байгаа юм.

Холбоотой мэдээ