ОДООГООР 6.4 ГА ТАЛБАЙД АРВААД ТӨРЛИЙН МОД, БУТ ТАРЬСАН БАЙНА

2022-01-07 162 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Өвөрхангай аймаг нэгдэж, 20 сая мод тарих гэрээ байгуулсан. Үүнтэй холбогдуулан мод үрсэлгээний газруудын үйл ажиллагаатай аймгийн Өвөрхангай аймгийн засаг дарга А.Ишдорж танилцаж, санал солилцож байна.

“Арвайн цэцэрлэг” нөхөрлөл Тарагт сумын нутаг дэвсгэрт мод үржүүлгийн чиглэлээр ажилладаг. Одоогоор 6.4 га талбайд улиас, бургас, хайлаас, голт бор, шинэс, буйлс, чацаргана, үхрийн нүд зэрэг арваад төрлийн мод, бут тарьсан байна.Намар тариалалтаасаа таван төрлийн 8 мянга гаруй модыг үрслүүлэн зоорилжээ.

Хавар навч задарч, нахиалахаас нь өмнө борлуулалт хийнэ гэж нөхөрлөлийн эзэд хэллээ. Мөн малын өтөг бууц, чийгийн улаан хорхойг ашиглан органик бордоог өөрсдөө бэлдэн гаргасан байна. Цаашид их хэмжээгээр мод үрслүүлэх хүсэлтэй байгаа ч техникээс илүү ажиллах хүч маш их дутагдалтай байдгийг хэлж байв.

Мод үрслүүлнэ, тарина гэдэг зөвхөн хоббигоор хязгаарлагдах ажил биш. Үүний цаана томоохон бизнес өрнөж, багагүй ажлын байр хадгалагдаж байдаг.

Тиймээс “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд энэ чиглэлээр ажилладаг туршлагатай, ажлынхаа гарааг өөрсдийн хүч хөдөлмөр, нөөц бололцоонд тулгуурлан эхлүүлчихсэн хүмүүсээ аймаг, орон нутгаас бодлогоор дэмжих ёстой юм. Аймаг, сумдын хэмжээнд тарих мод, бутныхаа үрсэлгээг аймгийнхаа иргэд, аж ахуйн нэгжүүдээс авах чиглэлийг сумдын дарга нарт өгөөд байна.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн ЗДТГ

Холбоотой мэдээ