“Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

2021-12-29 41 0

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.12.28) хуралдаан 16 цаг 22 минутад 55.3 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.

Түр хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Г.Ганболд нар төслийн 1 дэх заалтын 1 дүгээр дэд заалтад “ноогдох” гэсний дараа “Оюу толгой ХХК-иас “Туркойс Хилл Ресурсес” компанид төлөгдөх 2021 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хуримтлагдаад байгаа” гэж нэмэх, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар төслийн 1 дэх заалтын 4 дүгээр дэд заалтад “хариуцаж” гэсний дараа “Оюу толгой ХХК” гэж нэмэх, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Болорчулуун нар төслийн 1 дэх заалтын 2 дугаар дэд заалтын “цуцлах, дуусгавар болгох” гэснийг “хуульд нийцүүлэн цуцалж, хүчингүй болгох” гэж өөрчлөх зэрэг зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.

Б.Жаргалмаа гишүүний танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Х.Нямбаатар, Б.Саранчимэг, О.Цогтгэрэл, Х.Болорчулуун, Н.Алтанхуяг, Д.Сарангэрэл, Т.Доржханд, Ж.Сүхбаатар, Б.Жавхлан нар асуулт асууж, Түр хорооны дарга Ц.Даваасүрэн болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл, тайлбар авав. Оюу толгойн ус ашиглалтын асуудлын талаар Ш.Адьшаа гишүүн тодруулж, Түр хорооны даргаас хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Түр хорооны дэмжсэн, төслийн 1 дэх заалтын 4 дүгээр дэд заалтад “хариуцаж” гэсний дараа “Оюу толгой ХХК” гэж нэмэх зарчмын зөрүүтэй саналын томьёололтой холбогдуулан тодруулга хийлээ. Засгийн газрын зүгээс нэн тэргүүнд далд уурхайн бүтээн байгуулалтыг шуурхай дуусгаж, олборлолтыг эхлүүлэх, улмаар зардал нь үлэмж хэмжээгээр өсөж байгаа төсөлд хяналт тавьж, зориулалтын бус зардлууд байгаа тохиолдолд үр дагаварыг нь барагдуулах агуулгаар хэлэлцээрүүд явагдсан гэдгийг онцоллоо. Дээрх зарчмын зөрүүтэй саналаар төсөлд өөрчлөлт орсон тохиолдолд төслийн санхүүжилтийг хэрхэх талаар тэрбээр тодрууллаа. Төслийн 1 дэх заалтын 4 дүгээр дэд заалт нь “Оюу толгой төслийн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас жил хүртэлх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх” гэсэн агуулгатай байгаа. Далд уурхайн зардлыг хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцах бөгөөд Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байхаас гадна Оюу толгой ХХК дээр өр үүсгэх вий гэдэг болгоомжлолын үүднээс эл саналыг гаргасан гэдгийг Ц.Даваасүрэн гишүүн тайлбарлав. Б.Саранчимэг гишүүн Оюу толгой төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдсэн эсэх, олборлолтын үйл ажиллагаанд гүний усны нөөцийг ашиглаж байгаад өөрчилж, технологийг сайжруулах эрэл хайгуул хийж байгаа эсэх талаар асуулт асууж, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасангаас хариулт тайлбар авсан. Хэлэлцээрийн үр ашгийн талаар Д.Сарангэрэл гишүүн тодруулсан. Монгол Улсын зүгээс байгалийн баялаг, нөөцөө санал болгож төслийг хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулагч талыг бид урьсан. Харин хөрөнгө оруулагч тал маань хөрөнгөө оруулахын оронд зээл зуучлаад, Монгол Улсыг өр төлдөг схем руу оруулж, өрөөр, зээлийн хүүгээр, үндсэн төлбөрөөр ашиг авдаг байдлаасаа татгалзаж байна хэмээн ойлгож байгаа хэмээн Ц.Даваасүрэн гишүүн хариулт өгөв.

Түүнчлэн Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хариулт өгөхдөө, далд уурхайн бүтээн байгуулалт дууссанаар 40 сая тонн баяжуулах хүчин чадал нь 3 дахин нэмэгдэх бөгөөд үүнийг дагаад Монгол Улсын борлуулалт дээр суурилан авдаг татвар, хураамжийн хэмжээ нэмэгдэх ач холбогдолтой гэв. 2020 онд гэхэд л 1.4 тэрбум ам.долларын борлуулалт байдаг бол далд уурхай ашиглалтад орсноор дээр хэмжээ 5 тэрбум ам.долларт хүрэх тооцоо бий гэлээ. Т.Доржханд гишүүн, далд уурхайн бүтээн байгуулалтыг дуусгахад шаардлагатай зардлын талаар тодрууллаа. Түр хорооны дарга Ц.Даваасүрэн хариулахдаа, нийтдээ 4.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэх мэдээллийг хөрөнгө оруулагч талаас өгсөн гэв. Далд уурхай 2023 оны I улиралд ашиглалтад орох нь дөрвөн үе шаттай гэв. I үе шат нь үйлдвэрлэлийн ам, хацарт бутлуур, конвер ашиглалтад орж, ингэснээр хоногт 6500 орчим тонн хүдэр гаргах хүчин чадалтай болно. II үе шат нь ашиглалтад орохоор 30000 тонн, III үе шат ашиглалтад орохоор 45000 тонн, ийнхүү үе шаттайгаар ашиглалтад орсоор 2028 он гэхэд 90000 тонн хүдэр гаргах хүчин чадалтай болно хэмээгээд ТЭЗҮ-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төслийг “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороонд шилжүүллээ.  

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Дараа нь Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо энэ сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна. Төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүдээс хуулийн төслүүдийн зүйлүүдтэй холбогдуулан асуулт асуугаагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Б.Дэлгэрсайхан гишүүний танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт мэдээлэл, тайлбар авсан юм. Улсын Их Хурал цар тахлын нөхцөлд шуурхай зохион байгуулалт хийх, эдийн засгийн агуулгыг тооцон эрх зүйн орчныг бүрдүүлэхээр шийдвэр гаргаж байхад төрийн байгууллагууд шат шатандаа хийх ёстой ажлаа хийхгүй байгаа гэх шүүмжлэлийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг гишүүн хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар хуулийн үйлчлэлийг сунгахыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, улс орны эдийн засаг, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, бизнесийн үйл ажиллагааг хэвийн болгох шаардлага бий гэдэг байр суурийг илэрхийлж байв.  Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн үйлчлэлийг сунгахдаа 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтыг хасаагүй гэдэг шүүмжлэлийг Б.Пүрэвдорж гишүүн хэлсэн бол эл хуулийн үйлчлэлийн хүрээнд УОК-ын дунд шатнаас гаргаж буй шийдвэр үр дүнгүй, зохион байгуулалтгүй, олон нийтийг бухимдуулж, нийтэд эрсдэл учруулахуйц байгааг М.Оюунчимэг гишүүн сануулж байв. Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Х.Булгантуяа, Д.Сарангэрэл, Ш.Адьшаа, Б.Жаргалмаа нар асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлээ. Үүгээр Улсын Их Хурлын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Холбоотой мэдээ