ЦОГТ-ОВООГИЙН УЛААН ЯМАА, ХАНБОГДЫН “ГАВИЛУУД ОМОГ”-ИЙГ БҮРТГЭЛЭЭ

2021-12-25 210 0

Нутгийн шилмэл хонины цөм болон үржлийн сүргийг үржүүлж байгаа цөөн хэдэн аймгийн нэг нь Өмнөговь аймгийн Ханбогд сум. Ханбогд суманд сүүлийн арван жил хонин сүргийн тоо тогтмол өссөн бөгөөд 2015 оноос нутгийн шилмэл хонийг мах, ноосны чиглэлээр сайжруулсаар цөм сүргийн хонь өдгөө 8405 буюу сүргийн 35.4 хувийг эзэлж байна.

Цогт-Овоогийн улаан ямаа, Ханбогдын “Гавилууд омог”-ийг бүртгэсэн талаар ХХААХҮЯ-ны Малын генетик, нөөцийн хэлтсийн дарга Д.Батсүрэнгээс тодрууллаа.

-Шинэ үүлдэр, омог батлах, бог малын ашиг шимийн үзүүлэлтийг судлахад ямар хэмжээний хугацаа зарцуулдаг юм бэ. Шинэ омгийн тухайд хэзээнээс үзүүлэлтийг нь хянаж магадлав?

-Үржлийн малд хянан магадлагаа хийх, баталгаажуулах, үүлдэрлэг байдлыг тодорхойлох, хяналт тавих журмын дагуу хавар, намрын хянан магадлагааг явуулж, цөм сүргийг үржүүлж байгаа Ханбогд сумын хонинд үзлэг ангилалт, ашиг шимийн гарц, чанарыг тодорхойллоо. Өндөр ашиг шимт хонины тухайд 1949 оноос судалж, 1997 оноос илүү нугаламтай, жин ихтэй энэ хонийг аймгийн хонин сүрэгт сайжруулагчаар ашигласан байдаг. Ажлын хэсэг давхардсан тоогоор янз бүрийн нас хүйсний 3782 хонинд хавар, намрын үзлэг ангилалт явуулж, амьдын жин, биеийн хэмжээ, ноос, сүүний гарц, ашиг шимийг тодорхойллоо. Мөн 80 хониноос ноосны дээж авч ширхэгтийн урт, голч, нийт үсэн дэх ноолуурын эзлэх хувийг тогтоосон.

-Омгийн тухайд зүсний жигдрэл, биеийн онцгой шинж их чухал. Батлагдсан омгийн тухайд ямар зүс, онцлогтой вэ. Махан ашиг шимийн тухайд?

-Цөм сүргийн хонины зүс нь харман, хар нүдэн, хар халзан, хар толгой, хар хүзүүтэй байгаа нь зүсний жигдрэл сайтай, үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулжээ гэж хэлж болохоор байгаа юм. Хянан магадлагааны ажлын хэсгийн хяналтын жинлэлтээр нутгийн шилмэл хонины амьдын жин нас, хүйс, улирлаас хамаараад 34-72 орчим кг байна. Барга, Үзэмчин, Буриад, Алтанбулаг хониноос  бага жинтэй ч Монгол, Говь-Алтай, Сартуул, Байдраг, Хотонт, Дархад, Сутай, Булган, Тамир хониноос жин сайтай байгаа юм.

Махны тухайд улаан, ягаан өнгөтэй, цагаан өөхтэй, махны өөрийн өвөрмөц үнэртэй, гадны ямар нэг үнэргүй, чийг, тослог, уураг, илчлэг чанараараа стандартын хонины махтай ижил. Нутгийн шилмэл хонь нь чацархаг, сунац, цээжний заалтаар бусад үүлдэр омгоос илүү, лагс чамбай, ясархаг гэдгээрээ онцлогтой.

Холбоотой мэдээ