ӨРХИЙН ОРЛОГЫГ ОРЛУУЛАН ТООЦОХ АРГАЧЛАЛЫГ ШИНЭЧЛЭН, ТУРШИХАД БЭЛЭН БОЛЛОО

2021-12-23 187 0

Орлогыг орлуулан тооцох аргачлалыг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Үндэсний статистикийн хорооны даргын 2020 оны А/225, А/60 тоот хамтарсан тушаалаар байгуулж ажилласан. Мөн ажлын хэсгийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/261 тоот тушаалын дагуу гурван дэд ажлын хэсгийг байгуулсан. Энэ удаад орлуулан тооцох аргачлалыг шинэчлэхдээ иргэдийн төрд байгаа мэдээлэлд үндэслэн өрх иргэний мэдээллийг хосолмол байдлаар шууд тодорхойлох боломжийг зорилго болголоо.

Дээрх ажлын хэсэг нь өнгөрсөн хугацаанд төрийн байгууллагуудаас (НДЕГ, ХХҮЕГ, ГТСМТТ, ГЗБГЗЗГ, ЭМДЕГ, УБЕГ) өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд хамрагдсан иргэдийн мэдээллийг тулгалт хийн нэгтгэж, дата мэдээлэл бэлтгэж хосолмол аргачлалын загварын төслийн боловсруулалтыг хийж ажилласан юм.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын удирдлагын төлөөллүүд болон ажлын хэсгийн гишүүд оролцож санал солилцов.

Үндэсний статистикийн хорооны статистикч С.Болормаа “Орлогыг орлуулан тооцох шинэ хосолмол аргачлалд ашиглаж буй тооцоолол, коэффициентын” талаар, ХНХЯ-ны ахлах мэргэжилтэн А.Алтангэрэл “Орлогыг орлуулан тооцох аргачлалыг шинэчлэх хэрэгцээ шаардлагын” талаар сонирхолтой, үр дүнтэй илтгэл тавилаа.

Орлогыг орлуулан тооцох аргачлалыг шинэчлэхтэй холбоотой санал, зөвлөмжийг ажлын хэсгийн гишүүд “Хосолмол аргачлал”-ын загварт тусган өөрийн орны нөхцөлд тохиромжтой зорилтот иргэдийн амьжиргааг шууд тодорхойлох “Хосолмол аргачлал”-ыг боловсруулан дараагийн хурлаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.

Холбоотой мэдээ