УЛААНБААТАР ХОТОД 74 ТӨРЛИЙН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШААРДАХГҮЙ БОЛЛОО

2021-12-20 191 0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нэн чухал шийдвэрт өнөөдөр гарын үсэг зурж баталгаажуулсан талаараа мэдээлэл хийлээ. Энэхүү шийдвэр нь нийслэлийн нутаг дэвсгэрт хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр 2022 оны нэгдүгээр  сарын 1-ний өдрөөс 74 төрлийн худалдаа, аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг нээж байгаагаараа онцлог юм. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэвлэлийн хурлын үеэр “Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөл авахын тулд 7-12 бичиг баримт бүрдүүлдэг. Энэ нь нийт аж ахуйн нэгжийн хэмжээгээр тооцвол 168 мянган бичиг баримт бүрдүүлэхэд хүрдэг байна. Бичиг хэргийн зардалд 42 сая, тээврийн зардалд 149 сая, нийт 191 сая төгрөгийг зарцуулдаг. Тэгэхээр энэ бүх зардлыг хэмнэж, аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс энэхүү шийдвэрийг гаргаж байна. Цар тахлын дараах их сэргэлтийн хуулийг удахгүй УИХ-д өргөн барина. Тиймээс бид аж ахуйн нэгжүүдийг хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын албанд бүртгүүлсний үндсэн дээр худалдаа, үйлчилгээгээ нийслэлийн нутаг дэвсгэрт чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломж олгож  байна” гэж мэдэгдлээ.

Энэхүү шийдвэр гарснаар нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 18,664 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага цаашид тусгай зөвшөөрөл авах, жил бүр дүүргийн Засаг даргын Тамгын газарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө сунгуулах шаардлагагүй болж байна. Ингэснээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй 20 мянга орчим иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад бодит хэмнэлт, үр дүн гарна гэж мэргэжилтнүүд  тооцжээ.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын дэргэд байнгын үйл ажиллагаатай зөвлөл байгуулахаар болсноо мэдээллээ. Энэхүү зөвлөлд  нь аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл багтах бөгөөд цаашид хийж хэрэгжүүлэх бодлогод аж ахуйн нэгжүүдийн санал санаачилгыг тусгах, гадаадын томоохон байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр бэлтгэлээ хангаж байна.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Холбоотой мэдээ