ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН 2022 ОНД ГҮЙЦЭТГЭХ АУДИТЫН СЭДВИЙГ БАТАЛЛАА

2021-12-15 28 0

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Төрийн аудитын байгууллагын 2022 онд гүйцэтгэх сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат “Монгол Улсын хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн хүрээнд төрийн аудитын байгууллагын 2022 онд гүйцэтгэх аудитын сэдвийг хууль тогтоомжийн дагуу болон төрийн аудитын бодлогоор хийгдэх сэдвээр ангилан төлөвлөлтийн өмнөх үеийн судалгаа, эрсдэлийн үнэлгээ, тооцоолол батлагдсан төсөв, хүний нөөцийн ажлын ачаалал зэргийг судалж боловсруулсан.

Төрийн аудитын байгууллагаас Төрийн аудитын тухай хуулийн хүрээнд Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан цаглаварт хугацаа буюу 2022 оны 1 дүгээр сарын 25-наас 6 дугаар сарын 15-ны хооронд улс, орон нутгийн төсөвт байгууллага, сан, төсөл хөтөлбөр, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланд аудит хийж, дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор мэдээлэлдээ онцлоод газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хайгуулын болон олборлолтын үйл ажиллагаа явуулсан гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон нөхөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтад хийх аудитыг 2019-2021 оныг хамруулан аудитыг гүйцэтгэнэ гэв.

Мөн “Улс, орон нутгийн төсвийн 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн”, Өрийн удирдлагын тухай хуулийн хүрээнд “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт, үр дүн” зэрэг сэдвээр улс, орон нутгийн түвшинд аудитыг нэгдсэн удирдамжаар гүйцэтгэхээр боловсруулсныг дурдаад 2022 онд гүйцэтгэх аудитын сэдвийг сонгохдоо Төрийн аудитын тухай болон бусад хууль тогтоомжийн хүрээнд гүйцэтгэх аудитыг харгалзан төсөв, санхүү, хугацаа болон хүний нөөцийн чадавхдаа тулгуурлан иргэд, олон нийтийн анхааралд байгаа үнэн зөв хариу хүссэн нийтийн ашиг сонирхлыг хөндсөн эрсдэлтэй асуудалд урьдчилсан судалгаа, тооцоолол, дүн шинжилгээ хийж, төрийн аудитын байгууллагын бодлогоор 5 сэдвээр аудитыг гүйцэтгэхээр төлөвлөсөн гэж байв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир, Ж.Батсуурь, Ч.Хүрэлбаатар, Ж.Батжаргал нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс тогтоолын төсөлд УИХ-аас “Ковид-19” цар тахалтай холбогдуулан баталсан хууль, тогтоолын хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний төсөв, зарцуулалт, худалдан авалт, үр ашиг болон өнгөрсөн хугацаанд Засгийн газар хоорондын шугамаар төрийн өмчийн компаниудад хэрэгжсэн гадаадын зээл, тусламжийн үр дүнд аудит хийхээр тусгагдсан эсэхийг тодруулав. Мөн улсын хэмжээнд газар олголттой холбоотой асуудал болон тусгай хамгаалалтаттай газар нутагт газар олгосон байдалд аудит хийхээр тусгагдсаныг лавлаж байлаа.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат хариултдаа, Үндэсний аудитын газар иргэд, олон нийтийн дунд судалгаа явуулж, тооцоо хийсний үндсэн дээр тухайн жилийн сэдвүүдийг сонгодгийг дурдаад Засгийн газраас “Ковид-19” халдварт цар тахлын үед хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн үр ашиг, зарцуулалтад хэр байсныг цогцоор нь авч үзэн нэгдсэн хариулт өгөхөөр 2022 онд гүйцэтгэх төслийн сэдвийн жагсаалтын 2 дугаар хэсэгт оруулсан гэж байлаа. Мөн гаднын зээл тусламжийн хэрэгжилт, үр ашиг ямархуу байгаад аудит хийхээр сэдвийн хүрээнд оруулсан. Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн хүрээнд зээл тусламж, түүний үр өгөөжтэй холбоотой асуудлыг хамааруулж авч үзээд аудит хийх бололцоотой. Өнгөрсөн 2015-2019 онд улсын хэмжээнд газар олголт, эзэмших, өмчлөлт, Газрын тухай хуулиудын хэрэгжилттэй холбоотойгоор аудитыг 2020 онд хийсэн. Энэ аудитын давтан буюу хэрэгжилтийн түвшинг тандсан аудитыг дахин явуулахаар дотоод ажлын төлөвлөгөөнд тусгасан гэсэн хариултыг өгөв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан сэдвийн хүрээнд тусгагдсан төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны үр ашиг, төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхэд авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээний үр дүнд хийх аудитын хугацааг наашлуулах, төсөлд тусгагдсан Тавантолгой-Гашуунсухайтын 267 км төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгийн үр дүн дээр нэмээд Тавантолгой-Зүүнбаян чиглэлд аудит хийхээр нэмэлт, өөрчлөлт оруулахаар болов.

Түүнчлэн Төрийн аудитын байгууллагын 2022 онд гүйцэтгэх сэдвийн жагсаалтад УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Хөгжлийн банкны үйл ажиллагаанд аудит хийлгэх, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь тусгай хамгаалалттай газар нутагт газар олголтын байдалд аудит нэмж хийх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэнээр байнгын хорооны тогтоолын төсөлд дээрх нэмэлт, өөрчлөлтийг нэмж тусган баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ