БАГА ОВРЫН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРЭЭР ХЭРЭГЛЭЭГЭЭ ХАНГАХ АЙЛ ӨРХИЙН ТОО НЭМЭГДЭЖ БАЙНА

2021-12-12 52 0

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх бага оврын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс түгээх сүлжээнд нийлүүлэх туршилтын төсөлтэй танилцлаа

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны иргэн М.Батболд өөрийн өрхийн хэрэглээндээ нарны эрчим хүч ашиглан дулаан, цахилгаан үйлдвэрлэдэг. Илүү гарсан цахилгаан эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх туршилтын төсөлтэй Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон холбогдох албаны хүмүүс танилцлаа.

Төслийн хүрээнд иргэн М.Батболд өөрийн хэрэглээний цахилгаан, дулааныг нарны эрчим хүч, дулаан солилцуур ухаалаг инвертерийн систем ашиглан шийдсэн байна. Эрчим хүчний сайдын 2020 оны 159 дүгээр тогтоолоор уг харилцааг зохицуулж, тодорхой болгосон ч өртөг зардлын хувьд төрийн бодлогоор урамшуулах шаардлагатай байгаа талаар танилцуулсан юм.

Сайд Н.Тавинбэх “Эрхзүйн зохицуулалт гарсан ч хэрэгжихэд ямар хүндрэл үүсэж байна. Түүнийг хэрхэн засах боломжтой талаар судалж байна. Манай улс эрчим хүчний дутагдалтай. Уг дутагдлаас гарахад байгаль орчинд сөрөг нөлөөгүй сэргээгдэх эрчим хүчийг айл өрхүүд хэрэглээндээ нэвтрүүлэх бололмжийг олгох ёстой. Төр засаг бүгдийг даахгүй. Гэхдээ иргэдэд эдийн засгийн ачаалал өгөхгүйгээр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болгох талаар ойрын хугацаанд шамдан ажиллах болно. Сэргээгдэх эрчим хүч ашиглаж байгаа энэ айлын хувьд өрхийн хэрэглээний цахилаан эрчим хүчнээс илүү гарсаныг нь түгээх сүлжээнд нийлүүлэн орлого олох боломжтой болсон байна. Түүнчлэн айл өрхүүд дулаан алдагдалгүй орон сууцтай байснаар эрчим хүч хэмнэх томоохон алхам болно” гэлээ.

Тархмал бага оврын эх үүсвэрийг ашигласнаар импортын эрчим хүчний хараат байдлыг бууруулж, айл өрх бүр өөрийн хэрэглээний цахилгаан эрчим хүчээ өөрөөсөө хангаж, цаашид түгээх сүлжээнд нийлүүлэх үйлдвэрлэгч болох боломжтой төсөл юм.

Холбоотой мэдээ