АЖИЛ ОЛГОГЧ ШИМТГЭЛИЙН ТАЙЛАНГАА ТООН ГАРЫН ҮСГЭЭР БАТАЛГААЖУУЛЖ ЦАХИМААР ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2021-12-11 307 0

“Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан илгээх, хүлээн авах, хянах, баталгаажуулах журам”-ыг шинэчлэн батлуулсан.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т “Нийгмийн даатгалын санд хөрөнгө төвлөрүүлэх, сангийн хөрөнгийг зарцуулах, анхан шатны бүртгэлийн маягт, түүнийг хөтлөх, тайлан гаргах журмыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална” гэж заасан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/182 дугаар тушаалаар “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан илгээх, хүлээн авах, хянах, баталгаажуулах журам”-ыг шинэчлэн баталсан.

Энэ журам нь нийтлэг үндэслэл, ажил олгогчид бүртгэлийн дугаар, шимтгэлийн цахим системд нэвтрэх эрх олгох, шимтгэлийн тайланд тавигдах шаардлага, шимтгэлийн тайлан илгээх, хүлээн авах, баталгаажуулах, мэдээллийн санд бүртгэх, хугацаа хоцроосон тайлан хүлээн авах, тайланд залруулга хийх, даатгуулагчийн үндсэн мэдээллийг засах, регистрийн дугаар нэгтгэх, тайлан хүлээн авахаас татгалзах, хяналт, хариуцлага гэсэн 11 зүйлээс бүрдэнэ.

Нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилтийг хангуулах, тайлан илгээх, хүлээн авах, баталгаажуулах, мэдээллийн санд бүртгэх, тайланд залруулга хийх, даатгуулагчийн үндсэн мэдээллийг засах, тайлан хүлээн авахаас татгалзах, хариуцлага гэсэн харилцааг зохицуулсан. 

2021 оны 10 дугаар сарын байдлаар нийгмийн даатгалд 52.3 мянган ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Үүнээс 5.2 мянган ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сарын тайланг тоон гарын үсгээр илгээж байна.

Журмын төслийг шинэчлэн боловсруулахдаа ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг тоон гарын үсгээр баталгаажуулж илгээсэн тохиолдолд үйлчилгээ цахимжиж, шимтгэлийн тайланг хэвлэмэл хэлбэрээр харьяалах нийгмийн даатгалын байгууллагад хүргүүлэхгүй байх, сар бүр нийгмийн даатгалын хэлтэст тайлан өгөх зорилгоор очих, дугаарлах зэрэг цаг хугацаа, зардал гаргадаг байдлыг байхгүй болгосон.

Харин алслагдмал газарт орших зэрэг шалтгаантай зарим ажил олгогчийн хувьд  тоон гарын үсэг ашиглах боломжгүй бол тайлангаа сар бүр биш, жилд 2 удаа баталгаажуулахаар журмаар зохицуулсан.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 5574 дүгээрт бүртгэсэн.

Холбоотой мэдээ