EURO-2020: Португалийн шигшээ баг

2021-10-23 16 0

Зургаадугаар сард эхлэх Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 24 багийг цувралаар танилцуулж байна.

Португалийн шигшээ баг

  • Дэлхийн чансаа: 5
  • ЕАШТ-д оролцсон байдал: 7 удаа оролцохдоо 2016 онд алт, 2004 онд мөнгө, 1984, 2000, 2012 онуудад хүрэл медаль хүртсэн
  • Шигшээ багийн дасгалжуулагч: Фернандо Сантос
  • Шигшээ багийн ахлагч: Криштиану Роналду
  • Гялалзах од: Жоаү Фелиш

Португалийн шигшээ баг Аваргын цомыг хамгаалагчийн дүрээр оролцож байна. Португалийн шигшээ Ф.Сантос дасгалжуулагчийн удирдлага дор тун боломжийн тоглолтыг үзүүлж байгаа бөгөөд 2016 оны ЕАШТ болон 2019 оны Европын Үндэстнүүдийн цомын анхны тэмцээнд түрүүлсэн. Харин 2018 оны ДАШТ-д бага зэрэг азгүйдэж шөвгийн 16-д Уругвайн шигшээ багт 2-1 харьцаатай хожигдсон. Мэдээж энэ удаагийн тэмцээнд хүчтэй өрсөлдөгчид байх нь гарцаагүй. Тэр дундаа нэгэн арваныг эзэгнэсэн дэлхийн шилдэг хөл бөмбөгчин, “Баллон д‘ор” шагналын 5 удаагийн эзэн К.Роналдугийн шигшээ баг дахь сүүлчийн олон улсын тэмцээн байхыг үгүйсгэхгүй. Учир нь энэ жил 36 нас хүрч буй К.Роналду ирэх оны 12 сард явагдах Катарт болох ДАШТ-д оролцохгүй байж магадгүй. К.Роналдугийн мэргэжлийн замнал өндөрлөх тийшээ хандаж байгаатай зэрэгцээд Португалийн шигшээ багт шинэ үе гарч ирж байна. 2019 оны Европын Үндэстнүүдийн цомын тэмцээний мэргэн бууч Г.Гедеш, 2018 оны 18 хүртэлх насны Европын аваргын алтан медальт Ф.Тринку, залуу довтлогч Ж.Фелиш, Д.Жиота, П.Нету, хамгаалагч Н.Мендес гээд Португалийн дараа үеийн залуус гарч ирж байна. Эдгээр залуусаас ЕАШТ-д өөрийгөө харуулах тоглогчид гарч ирэх байх.

Португалийн шигшээ баг ЕАШТ-ий урьдчилсан шатны В хэсэгт Украин, Серби, Люксембург, Литвийн шигшээ багуудтай багтсан. Хэсэгтээ 8 тоглолт хийснээс 5 хожил, 2 тэнцээ, 1 хожигдолтой хэсгээс дэд байраар шалгарч тивийн аваргын эрхээ авсан. Ф.Сантос урьдчилсан шатанд А.Шевченкогийн удирдсан Украиныг шигшээ багаас хожил авч чадаагүй бөгөөд 1 тэнцэж, 1 хожигдсон. Өөрсдийн чансаанаас 19 байраар дор байгаа багаас хожил авч чадахгүй байгаа нь Европын аваргад нэгийг хэлээд байна. Учир нь Португалийн шигшээ баг ЕАШТ-ий “F” хэсэгт Франц, Герман болон Унгарын шигшээ багуудтай багтсан. Энэ хэсэг ЕАШТ-ий “үхлийн” хэсэг бөгөөд сүүлийн Европын аварга, сүүлийн дэлхийн аварга багууд дээр Герман “машин” багтсан. Мэдээж хөлбөмбөг сонирхогчид Унгарын шигшээ багийг тооцооноос хассан байгаа ч бөмбөг бөөрөнхий тул аль нэг багт том саад болохыг үгүйсгэхгүй. Иймд энэ хэсгийн тоглолт бүр чухал юм.

Дасгалжуулагч Ф.Сантос багаа уламжлалт 4-4-2 хувилбараар тоглуулдаг бөгөөд зарим үед ромбо хэлбэртэй буюу хойноо тулгуурын хагас, урдаа довтолгоо дэмжсэн хагасаар тоглодог. Португалийн арын хамгаалалтад үе солигдож байгаа. Пепе, Фонте нар 40 хүрч байгаа ч шигшээ багтаа тоглосоор буй. Харин тэдний байрыг Р.Диас, М.Руй, Р.Геррейро нар авч байгаа бөгөөд ЕАШТ-д эдгээр залуус гараанд ахмад хамгаалагчидтай ээлжлэн гарах болов уу? Дундын шугам ид залуусаас бүрдэж байна. ЕАШТ-ий урьдчилсан шатанд дасгалжуулагч Ф.Сантос хувилбараа хэд хэдэн тоглолтод өөрчилж үзсэн. 5-1-5-1 хувилбараар тоглоход тулгуурын хагас дээр Данило тоглож үзүүр дээр А.Силва эсвэл К.Роналду гарч байсан. Мөн 4-3-3, 4-2-3-1 хувилбараар ч тоглосон. Магадгүй Ф.Сантос урьдчилсан шатанд уламжлалт 4-4-2 хувилбараас өөр хувилбараар туршиж үзсэн болов уу?

ЕАШТ-д оролцох боломжтой тоглогчид:

  • Хаалгач: Р.Патрисио (Волверхэмптон Уондерерс), А.Лопес (Лион), Ж.Са (Олимпиакос), Р.Силва (Гранада)
  • Хамгаалагч: Пепе (Порто), Х.Фонте (Лилль), Р.Гэррейро (Боруссиа Дортмунд), Седрик (Арсенал), Р.Диас, Ж.Канселу (хоёулаа Манчестер Сити), Н.Мендес (Спортинг), Д.Дуарте (Гранада), Н.Семеду (Волверхэмптон Уондерерс)
  • Хагас хамгаалагч: Ж.Моунтиньо, Р.Невес (хоёулаа Волверхэмптон Уондерерс), Б.Силва (Манчестер Сити), Б.Фернандеш (Манчестер Юнайтед), Данило (ПСЖ), Р.Санчес (Лилль), А.Гомес (Эвертон), В.Карвальо (Реал Бетис)
  • Довтлогч: К.Роналду (Ювентус), Г.Гедеш (Валенсиа), Пуальнио (Спортинг), Ф.Тринку (Барселона), А.Силва (Айнтрахт Франкфурт), Р.Силва (Бенфика), Д.Жиота (Ливерпүүл), П.Нету (Волверхэмтон Уондерерс), Ж.Фелиш (Атлетико Мадрид)

Холбоотой мэдээ