Ёс зүйтэй байгаач, Шадар сайдаа!

2021-10-23 39 2

Шадар сайд С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн Боловсролын зээлийн сангийн зээлээр Бристолын их сургуульд суралцахаар болсон тухай мэдээлэл олны шүүмжлэлд өртөв. Эцэст нь тэрбээр хүүгийнхээ сургалтын төлбөрийг Төрийн санд буцаан шилжүүлж, хөтөлбөрөөс татгалзаж байгаагаа мэдэгдлээ. Шадар сайд өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Миний хүү Боловсролын зээлийн сонгон шалгаруулалтанд хамрагдсан асуудал цар тахалтай тэмцэх амаргүй үетэй зэрэгцэн олон нийтийн сүлжээнд шүүмжлэл, бухимдал дагуулж буйд иргэдээсээ хүлцэл өчье… Аав нь улс төрийн хариуцлагатай алба хашиж байгаа төрийн хүний хувьд цар тахлын хүнд үед ард иргэдээ талцуулан бухимдуулахгүйн тулд ёс зүйн алхам хийгээд хүүгийнхээ сургалтын төлбөрийг сургалтын Төрийн санд буцаан шилжүүлж, хөтөлбөрөөс татгалзаж байна” гэжээ.

Хэдхэн хоногийн өмнө эхнэр Ч.Ичинхорлоо ХӨСҮТ-ийн тусгаарлалтын дэглэм зөрчсөн асуудал намжаагүй байхад түүний хүүтэй холбоотой асуудал хүмүүсийг бухимдуулж, олны дургүйцлийг хүргээд байна. Түүний хүү А.Эрдэнэхүслэнд олгосон Боловсролын зээлийн сангийн зээлийг бакалаврын зэрэгт олгохоо больсон атал ямар журмаар энэ зээлд хамрагдсан нь олны анхаарлыг татаж байгаа юм.

Тодруулбал, Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгох журмыг 2020 оны Засгийн газрын 70 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан. Уг журмын 1.1 зүйлд “Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр магистр, доктор зэргийн боловсрол эзэмших суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгоход энэ журмыг мөрдөнө” гэжээ.

Энэ журмын талаар БШУЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Гардигаас тодруулахад “Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад зааснаар Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр магистр, докторын зэргийн боловсрол эзэмших суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгоход энэ журмыг мөрдөнө гэж тусгасан. Бас энэ журамд бакавлаврын зэрэгтэй хамааралтай заалтууд байгаа” гэв.

Эрх мэдэлтэй сайд дарга нарын хүүхдүүд өдөр шөнөгүй хичээл хийгээд дэлхийн 100 их сургуулиудад багтаж болох ч эгэл ардын хүүхдүүд адилхан хичээж, топ сургуулиудад тэнцсэн хэрнээ Төрийн сургалтын сангаас тэтгэлэг олддоггүйн бодит жишээ энэ.

Хэрэв анхнаасаа төлбөр төлөх чадвартай байсан бол яагаад дүрэм, журам өөрчилж, хүүхдээ тэтгэлэгт хамруулав. Шадар сайдын хүүтэй ижил хичээсэн олон мянган хүүхдэд олдохгүй боломж Шадар сайдын хүүхдэд олдсон,  хууль, журам зөвхөн түүний хүүд зориулж өөрчлөгдсөн үү. Хэрэв энэ мэдээлэл олон нийтэд ил тод болоогүй байсан бол Шадар сайд та хүүхдийнхээ төлбөрийг өөрөө төлөх байсан уу. Та ёс зүйн хувьд хариуцлага хүлээж, хүүхдийнхээ төлбөрийг өөрөө төлнө гэжээ. Жинхэнэ ёс зүйтэй байсан бол  төрсөн хүүгийнхээ үе тэнгийн олон хүүхдийн боломжийг хулгайлахгүй, тэдэнд тэгш боломж олгохын төлөө явах ёстой байсан юм. Тэр бол жинхэнэ ёс зүй байх байсан.

Баригдсаныхаа дараа бантаж, үлгэрт гардаг үгсээр хүн хуураад, ёс зүй ярьж байгаа Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан та хүүхдээсээ, хүүгийнхээ найзуудаас ичээч!

Холбоотой мэдээ