Төр нь гэмт хэргээс сэргийлнэ гэж камержуулчихаад иргэдээ тагнаж, чагнаад байвал хэн хариуцлагыг нь хүлээх вэ?

2021-10-23 25 0

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд торгох ял, зөрчилд оногдуулсан төлбөрийн 20 хувийг гудамж талбайг камержуулах, мэдээллийг системийг сайжруулахад, 20 хувийг бусад арга хэмжээнд зарцуулдаг байх. Уг хөрөнгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд захиран зарцуулдаг байх асуудлыг уг хуулийн төсөлд тусгасан байна.

Түүнчлэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны 15 албан хаагчийн цалин хөлс болон бусад урсгал зардлын санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгон хуульчлахаар тусгажээ.

Уг хуулийн төслийг байнгын хорооноос хэлэлцэхийг дэмжсэнгүй. Гэвч УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн дагуу өнөөдөр нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийднэ.

Уг хуулийн хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.

Хууль санаачлагч ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх үр дүнтэй ажлын нэг чухал арга хэмжээ нь дүрс бичлэгийн техник, хэрэгсэл буюу теле хяналтын нэгдсэн систем. Улсын хэмжээнд 6,686 ширхэг хяналтын камертай 34 төрлийн бие даасан хяналтын системийг суурилуулсан ба үүнээс 3,311 нь нийслэлд, 3,375 нь орон нутагт байдаг байна. Тодруулбал, камерын хяналт шаардлагатай цэгүүдээс нийслэл 17.8 хувь, аймгуудын төвүүд 16.1 хувьд нь хяналтын камер суурилуулсан байдаг аж. Камерын хяналттай орчинд гэмт хэрэг, зөрчлийн тоо буурсан эерэг үр дүн байдаг ч теле хяналтын тасралтгүй тогтмол хяналт байхгүй, теле хяналтын нэгдсэн удирдлага, зохион байгуулалт бүхий цогц систем бүрдээгүй, теле хяналтын дүрс бичлэгийн техник, хэрэгсэл ашиглалтын шаардлага, стандарт хангахгүй, бүрэн ажиллахгүй зэргээр гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хүндрэл учирч байгаа.

Улсын хэмжээнд 6,686 камер суурилуулсан ч 4,216 нь ажиллаж байгаа, үүний 1,251 нь дүрсний шаардлага хангахгүй байгаа бол 2,470 нь огт ажиллахгүй байгаа. Цаашид нийслэлд 5,008 цэгт 20,032 камер, аймгуудын төвийн 3,339 цэгт 13,356 камер нэмж суурилуулах шаардлагатай байгаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Камержуулна гээд улсын төсвөөс баахан мөнгө авдаг. Тэр нь ажилладаггүй, засвар үйлчилгээ хийхгүй байсаар олон эвдэрхий камертай болчих вий.

Хоёрдугаарт, камерын аюулгүй байдлыг хангах ёстой. Тэгэхгүй бол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бус тагнах, чагнах хэрэгсэл болж, хүний эрхэд халдах хэрэгсэл болох вий гэдгийг анхаараарай.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Камержуулалтыг дэмжиж байна. Гэхдээ сүүлийн үед орцны, цагдаагийн энгэрийн камертай холбоотой асуудал гарах боллоо. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд ашиглах ёстой камерын бичлэгүүд яагаад тараагдаад байна вэ. Төр нь гэмт хэргээс сэргийлнэ гэж камержуулчихаад иргэдээ тагнаж, чагнаад байвал хэн хариуцлагыг нь хүлээх вэ. Сүүлийн үед цацагдаад байгаа бичлэгийн эзэн холбогдогч тогтоогдсон уу.

Хоёрдугаарт, өмнөх парламентын үед Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг шинэчилсэн. Энэ хуулиар торгох ял, зөрчилд оногдуулсан шийтгэлийн төлбөрийн 40 хувийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулахаар заасан. Яагаад 40-өөс доошгүй хувь зарцуулахыгаа хоёр салгаж байгаа юм бэ.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Цахимтай холбоотой гурван багц хууль байгаа. Нийтийн мэдээллийн тухай, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулиудыг өргөн мэдүүлсэн. Ирэх долоо хоногт Кибер аюулгүй байдлын тухайх хуулийн төслийг өргөн мэдүүлнэ.

Эдгээрээс Хувь хүний мэдээлэл хамгаалах хуульд камержуулалттай холбоотой хүний эрхийг хамгаалах асуудлыг тодорхой тусгасан. Ямар мэдээллийг ил болгох, ямрыг нь нууцлах вэ гэдгийг нарийвчилж заасан. Хувь хүний мэдээлэлд халдсан тохиолдолд төрийн байгууллага, албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн хуулиар тодорхой болгосон.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд зарцуулах хөрөнгийг 20, 20 хувиар салгаж байгаагийн учир нь камерын арчлалтыг хэн хариуцах тухай зохицуулалт байхгүй. Монголд камерын иж бүрэн камерын систем бий болгоход хамгийн багадаа 60 мянган ширхэг камер шаардлагатай байгаа. Тиймээс энэ хөрөнгийг зөвхөн камерын арчлалтад зарцуул гэдэг зохицуулалтыг хийж өгч байгаа юм.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 20-иос доошгүй хувийг гэхээр жил тутам хамгийн багадаа 5-10 тэрбум төгрөгийн асуудал ярих гэж байна. Хуулийн байгууллагуудын мэдээллийн технологийн асуудал шийдэгдэхгүй удах тусам энэ нь бизнес болно. Өөрөөр хэлбэл, удах тусам тухайн байгууллагын дарга энэ мөнгийг зарцуулж байгаа хүмүүст ашигтай болж, шийдэхгүй байх сэдэл төрүүлчихдэг.

Тиймээс гэмт хэрэг, зөрчлийн сан байгуулах гэж байгаа бол улсын төсөвт суулгаад юм уу гадна дотны төсөл хөтөлбөртэй хамтарч шийдэх ёстой.

Яагаад ингэж олон камер ажиллахгүй болсон гэхээр бизнес, шахаатай холбоотой юм. Стандарттай байх ёстой. Нэгдсэн стандарттай болж байж шахааны бизнест хаалт тавина. Хувь, хувьсгалын нөхдүүд олон янзын камер шахсаар байгаад ийм байдалд хүргэсэн.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Камержуулах нь нэгдүгээр асуудал биш. Камержуулна гэдэг иргэдийн эрхийг хамгаална гэсэн үг. Ингэхдээ иргэдийн эрхийг зөрчиж болохгүй. Бичлэгийг цагдаа нар өөрсдөө задалдаг биз дээ, Х.Нямбаатар сайд аа. Орны бичлэгийг задалж байгаа СӨХ-нд арга хэмжээ авсан уу. Цагдаа нар энгэрийн бичлэгээр далайлгадаг болсон.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа өмнөхөөсөө дордсон шүү. КОВИД-ын үед цагдаа яаж ажилласныг дараа нь шалгах ёстой. Нийгмийн хэв журам сахиулах нэрээр хүний эрхэнд халдах юм бол камержуулахаа болих хэрэгтэй. Хүний эрхийг хамгаалах баталгаагаа бий болгож байж камержуул. Тэгж чадахгүй бол 60 мянган камерны хэрэг байхгүй. Ц.Нямдорж сайд харж байгаа шүү гэдэг байсан бол Х.Нямбаатар сайд харж байгаа шүү гэдэг болох юм байна.

Ийнхүү байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний олонх нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээгүй. Гэхдээ УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн дагуу байнгын хорооны дэмжээгүй хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тогтоолыг төслийг байнгын хорооноос гаргаж, түүнийгээ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх юм.

Хуулийг төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоолын төслийг яг одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.

Холбоотой мэдээ